Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Лавров: Трампын захиргаа бизнесийн хүмүүс тул үзэл сурталгүй ярихад хялбар юм

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хүлээж авч уулзлаа.

Трамптай уулзсаныхаа дараа Лавров Вашингтон дахь ОХУ-ын элчин сайдын яамны байранд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Лавров “Хамгийн түрүүнд бид олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Олон хүндрэл бэрхшээл байгаа ч гэсэн олон улсын асуудлуудыг шийдэхийн тулд манай хоёр орон хамтарч ажиллах ёстой гэдэг дээр бид санал нэгдлээ” гэжээ. Тэр бас “Обамагийн үеэс ялгаатай нь бидний яриа үзэл суртлаас ангид байж, дэлхийн асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг ажил хэргийн талаар хэлэлцлээ” гэсэн юм.

Лавров болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон нарын орлогч нар хоёр орны харилцаанд зохиомлоор бий болгосон бэрхшээлүүдийг арилгахын тулд үргэлжлэн ажиллахаар тохирчээ.

 

“Бид Сирийн асуудлыг дэлгэрэнгүй ярилцсаны дотор мөргөлдөөнгүй бүс байгуулах санаа багтсан. Сирийн хүчирхийллийг төгсгөл болгохын тулд бид ийм алхам хийх ёстой гэдэг дээр санал нэгдлээ” гэж Лавров ярьсан байна.

Хурлын үеэр сэтгүүлчид Лавровоос АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Кремль нөлөөлсөн эсэхийг олон удаа давтан асуужээ. Лавров үүнд “АНУ-ын дотоод асуудлыг Орос шийдэж байна гэж ярих нь Америкчуудыг доромжилсон хэрэг. Ийм том гүрний талаар яаж ингэж төсөөлж болох вэ?” гэсэн юм. Ийм асуултад дөрвөн удаа хариулсны дараа дахин дахин асуусаар байсан тул Лавров “хариулчихсан асуулт” хэмээн алгасч байв.

Тэр бас Афганистаны Талибчуудад ОХУ зэвсгийн тусламж үзүүлж байгаа тухай яриаг няцааж, “ядаж нэг баталгаа” гаргаж ирэхийг сэтгүүлчдээс хүссэн байна.

Харин Холбооны Мөрдөх Товчооны тэргүүн Жэймс Комиг ерөнхийлөгч Дональд Трамп ажлаас нь чөлөөлсөн явдал нь Лавровыг Трамптай уулзах боломж нээсэн эсэх талаар асуухад “Тэр нээрээ ажлаа өгсөн юм уу? Та нар тоглоогүй биз?” хэмээн тэр хошигножээ.

 

Эх сурвалж: Russia Today