Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Богдхан уул орчмын автозамыг өргөтгөх ажлыг энэ ондоо багтаан дуусгахыг даалгалаа

ikon.mn
2017 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.10/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолборыг тохижуулна

Улсын тусгай хамгаалалттай газарт иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, Богдхан ууланд түймэр гарах зэрэг болзошгүй аюулын үед түргэн тусламж, онцгой байдлын албаны машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх бодит шаардлага байгааг Байгаль орчны сайд Д.Оюунхорол Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Энэ дагуу Богдхан уул орчмын автозамыг өргөтгөх, автозам болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар болон үйлчилгээний төвүүдийг стандартад нийцүүлэн бий болгохыг энэ ондоо багтаан дуусгахыг сайдад даалгалаа.

Түүнчлэн Богдхан уулаас гадна, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолбор газарт мөн ийм аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулахыг г холбогдох сайд, Засаг дарга нарт даалгалаа.  

“Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа

Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. 

 Хөтөлбөр хэрэгжсэнээр дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалт, нийгмийн бүтээн байгуулалт нэмэгдэж, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжил шинэ шатанд гарч, ажлын байр нэмэгдэн, иргэдийн амьдрал ахуй сайжран, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө гэж Засгийн газар үзэж байна. 

Товч мэдээ

  • Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд бөгөөд хорооны Монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргилд даалгалаа. 
  • Цахим дипломат паспорт хэвлүүлэхэд зориулж 32 мянга гаруй евротой тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас Гадаад харилцааны яаманд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээний дагуу ашиглуулахыг зөвшөөрөв. Цахим дипломат паспортанд биеийн давхардал өгөгдөл хадгалах цахим технологи хэрэглэх болсон бөгөөд 7.5 гегабайт багтаамжтай ялтас болон антеннаг хавтсанд байршуулсан байна.  
  • Төв аймгийн Зуунмод сумын төвийн Баруун Зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км автозамын өргөтгөл, шинэчлэлд шаардагдах зардлыг “Олон улсын болон улсын чанартай автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөр, хураамж”-ийн давсан орлогоос санхүүжүүлэхээр болов. 


 Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс