-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.10/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
“Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/ хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Н.Номтойбаярт олгохоор боллоо.
Тухайлбал нийгмийн даатгалд хоёр оронд давхар даатгуулахгүй байх, тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн орны хууль ёсоор төлж, хоёр орны хуулийн дагуу тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох болзол, нөхцөл хангасан үедээ хоёр улсын тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулах, шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэвэр авах, тэтгэвэр авах эрх үүссэн хүнд хоёр орны нутаг дэвсгэрт болон гуравдагч оронд оршин сууж байгааг үл харгалзан тэтгэвэр олгох зэргээр асуудлыг нь шийдэхийг зорьж байна.
Хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа манай улсын иргэд ирээдүйд тэтгэвэр авахгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авдаг байдал арилна гэж Засгийн газар үзлээ.
2015 онд гаргасан статистик мэдээнээс үзвэл БНПУ-д манай улсын 923 иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 612 нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань хотод байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс