Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч хамгийн түрүүнд Хойд Солонгост айлчлахад бэлэн гэж мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өчигдөр ялалт байгуулсан Мүүн Жэ Ин өнөөдөр тангараг өргөж, ажилдаа оржээ.

Тэр ажлын эхний өдрөө хийсэн мэдэгдэлдээ хамгийн түрүүнд Хойд Солонгост зочлоход бэлэн байгаагаа зарласан байна.

Трампын засаг захиргаа сүүлийн хугацаанд Хойд Солонгосын эсрэг хатуу арга хэмжээнүүд авч байгаа бол хүний эрхийн хуульч асан, либерал Мүүн Жэ Ин Пёньянтай илүү аядуу зөөлөн бодлогоор харилцахыг чухалчилдаг юм.

Үүнээс гадна Мүүн нутагт нь байрлуулаад байгаа THAAD пуужингаас хамгаалах системийн асуудлаар АНУ ба Хятад улсуудтай “нухацтай хэлэлцээр” хийнэ гэж мэдэгдсэн байна.

Мүүн Жэ Ин “Хэрвээ шаардлагатай бол би Вашингтон руу даруй нисэхэд бэлэн” гээд “Бээжин, Токио, бүр Пёньянд очиход ч бэлэн” гэжээ.

Томоохон хэвлэлүүд түүнийг манай дэлхийн хамгийн хүнд хэлэлцээр хийх хүн гэж цоллож байгаа. Түүний хувьд өөрийн улс орноос гадна Хойд Солонгос, Хятад, Япон, АНУ зэрэг улсуудын эрх ашгийг тэнцүүлэх хэрэгтэй болж байгаа юм.

Гадаад бодлогоос гадна Мүүн Жэ Инд сүүлийн хагас жил орчим хугацаанд Пак Гын Хэгийн авлигын дуулианаас болоод хуваагдаад байгаа улс орноо нэгтгэх хэцүү даалгавар оногдож байна.

64 настай Мүүн ялалтынхаа дараа үг хэлэхдээ “Би бүх Солонгос хүний, тэр дотроо надад санал өгөөгүй хүмүүсийн ч ерөнхийлөгч болно” гэж мэдэгдсэн юм. Дипломат эх сурвалжуудын мэдээлж байгаагаар шинэ ерөнхийлөгч өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихаар төлөвлөжээ.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин түүнд өнөөдөр баяр хүргэж, харилцан ойлголцлын үндсэн дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. THAAD системийг суурилуулсан нь Өмнөд Солонгосын хамгийн том худалдааны түнш Хятад улстай харилцах харилцаанд хүндрэл учруулаад байгаа юм.

Тиймээс Мүүн Жэ Инд хийх ажил их байгаа ба тэр үүнийгээ ч хүлээн зөвшөөрч, элдэв ёслол хүндлэлийн арга хэмжээгүйгээр яаралтай ажилдаа оржээ.

 

Эх сурвалж: AFP