Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Төмөр: 116-р сургуулийг холбогдох газрууд нь шалгаж өгөхийг хүсэж байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 10
iKon.MN

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн зарим сурагч өнөөдөр өглөө хичээл хаялаа.

Хүүхдүүдийн хэлж буйгаар, багш нарын мэдлэг боловсрол, ёсзүйг дээшлүүлэх, түүх, нийгмийн багш Д.Сарантөгсийг эргүүлэн ажилд нь оруулж өгөөч гэсэн шаардлагыг сургуулийн удирдлагад тавьсан боловч хүлээж аваагүй аж. Иймээс хичээл хаялт зарлахад хүргэжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар 116-р сургуулийн дотуур байрны багш С.Гэрэлмаа "116-р сургууль дээр өнөөдөр хүүхдүүд өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэсэн. Багш нар бид хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болоод байна. Манай сургуульд ажиллаж байсан Н.Сарантөгс багш хамт олондоо мэдэгдэлгүй хэвлэлийн бага хурал хийснээс эхлэн энэ асуудал өрнөсөн.

Мөн өнгөрсөн жил Монголын Үндэсний Хараагүйчүүдийн холбооноос манай сургуульд сурах бичиг хэвлэж өгнө гээд төсвөөс 100 сая төгрөгийг авсан юм байна лээ. Үүний 50 саяд нь есдүгээр ангийн сурах бичиг манай сургуульд нийлүүлсэн байгаа. Харин манай сургууль бусад ЕБС-г бодвол хүүхдийн тоо цөөхөн. Нэг анги 6-8 хүүхдийн анги дүүргэлттэй. Гэтэл энэ жилийн хувьд есдүгээр анги байхгүй. Тиймээс тэрхүү сурах бичиг одоогоор ашиглагдахгүй байгаа юм. Энэ мэт хэд хэдэн асуудлаас болж хүүхдүүд хичээл хаялт зарлаад байгаа" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин Эцэг эхийн төлөөлөл Ө.Төмөр "116-р сургуульд манай хүүхэд сурдаг. Тус сургуулийн цөөн хэдэн хүүхдүүд тэмцэл хийж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Тиймээс энэ асуудлыг холбогдох, шалгадаг газрууд нь шалгаад хэвийн үйл ажиллагааг нь явуулж өгөхийг хүсэж байна" гэлээ.