Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуульд оролцохгүй байхыг уриалах нь ямар ШИЙТГЭЛТЭЙ ВЭ?

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Иргэн таны тусгаар тогтносон, бүрэн эрхт улсад амьдардаг гэдгээ нотлох сонгууль тун удахгүй болох гэж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 26-ны Даваа гарагт болно.

Сонгууль дөхсөнтэй холбогдуулан сонгуулийг бойкот хийх, санал өгөхгүй байхыг уриалах, саналын өдөр санаатайгаар сонгууль үймүүлэх зэрэг үйлдлүүд гардаг. Мөн хүний сонгох, улс төрийн эрхээ хэрэгжүүлэх явцад саад хийх тохиолдлууд бий. Тиймээс энэ бүхнийг сэрэмжлүүлэх үүднээс Сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хуульд сонгуулийн эсрэг үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэдэг болохыг танилцуулж байна.

Санал өгөх өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хуулиар хориглодог.

Сонгуулийн тухай хууль

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэгвэл иргэдийн зүгээс санал өгөхдөө гаргаж болох алдаануудыг нэрлэж байна. Сонгуулийн тухай хуулиар та доорх үйлдлүүдийг гаргавал 14 хоног баривчлагдана.

Үүнд:

  • Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх,
  • Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
  • Тухайн санал авах байраас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах;
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
  • Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
  • Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах зэрэг үйлдлүүд орно.
Харин сонгууль бойкот хийх буюу сонгуульд оролцохгүй байхыг уриалсан бол нэр дэвшигч, нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн /5-6.2 сая төгрөг/, сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн /1.4-1.8 сая төгрөг/ торгууль ногдуулахаар заажээ. 

Эрүүгийн хууль

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэгвэл Эрүүгийн хуулиар сонгуультай холбоотой хэд хэдэн гэмт үйлдлүүдийг тодорхойлж, ял оноохоор заасан байдаг.

  • Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх буюу сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан бол 900 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол 10.8-54 сая хүртэлх тэнцэх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
     
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад нэгээс илүү удаа санал өгсөн; нэгээс илүү удаа санал өгөхийг зохион байгуулсан бол 900 мянгаас 5.4 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
     
  • Сонгуулийн саналын хуудас, ард нийтийн санал асуулгын хуудсыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, ашигласан бол 10.8-54 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
     
  • Сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн, эсхүл бусад албан тушаалтан улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулсан; сонгогчийн санал өгөх, санал хураах, тоолох ажилд зориуд саад хийсэн; бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг зориуд гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авахыг зохион байгуулсан; хатгасан; дэмжсэн; санал хураалтын дүнг өөрчилсөн бол 10.8-54 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
     
  • Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол 900 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг төрийн албан хаагч, сонгуулийн хорооны албан тушаалтан, ажилтан үйлдсэн бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасаж 2.7-20 сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.