Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын бүлэг Эрүүгийн хуулийн төслөөр ДӨРӨВ ХОНОГИЙН завсарлага авлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.

Байнгын хороо төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэрээ Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зармын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрийг хэлэлцсэн болохыг танилцуулгад дурдлаа. Тухайлбал,

  • Төсөлд иргэний нэхэмжлэгч, хариуцагчтай холбоотой зохицуулалтыг шинээр нэмж оруулах
  • Гэрч хохирогчийг мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх,
  • “Зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ” гэсэн нь Эрүүгийн хуульд заасан “зорчих эрхийг хязгаарлах ял”-тай нэршлийн хувьд давхцаж байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээний нэрийг “хязгаарлалт тогтоох” гэж өөрчлөх,
  • Таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд цэргийн албан хаагчтай холбогдох зохицуулалтыг нэмэх,
  • Шүүхийн бүх шатнаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг төсөлд нэмэх,
  • Сэжигтнийг баривчлах хугацаа 24 цаг байсныг 48 цаг болгон өөрчлөх,
  • Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг бүх хэрэгт заавал хийхээр тусгасан байсныг өөрчилж, талуудын хүсэлтээр, эсвэл шүүхийн санаачилгаар хийхээр тусган, үүнтэй холбоотойгоор яллагдагчийг урьдчилан хэлэлцүүлэг хийхгүйгээр шүүхэд шилжүүлэх зохицуулалтыг төсөлд нэмэх,
  • Гэрч хохирогч, шинжээч, яллагдагчийг шүүх, прокурорын дуудах хуудсаар ирүүлэхээр төсөлд тусгасан дээр нэмж дуудан ирүүлэх эрхийг мөрдөгчид олгох,
  • Гэм буруугийн шүүх хуралдааныг заавал хийхээр тусгасныг өөрчилж, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж байгаа тохиолдолд хийхээр, мөн шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байх асуудлыг төсөлд нэмж тусгах зэрэг саналыг хэлэлцсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлт танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нухацтайгаар хэлэлцэх шаардлагын үүднээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтийг УИХ-ын даргад гаргав.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар энэхүү төслийн хэлэлцүүлгийг ийнхүү хойшлуулсаар байвал энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манай улсад хууль эрх зүйн орчны гажуудал, зөрчил үүсэх эрсдэлтэй хэмээн тайлбарласан юм.

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад үүсээд буй нөхцөл байдлыг нягталж, төслийн зохицуулалтыг нягтлах боломжийг хангах үүднээс УИХ дахь АН-ын бүлэгт дөрөв хоногийн засварлага өгөхөөр УИХ-ын дарга шийдвэрлэсэн юм.