Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ хуулиар замын эвдрэлийн асуудлыг гүйцэтгэгч компани хоёр жил хариуцна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 4
iKon.MN

 УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төсөлтэй холбоотой гишүүд санал гаргаж, асуулт асуулаа. 

Ингээд зарим гишүүний ярианаас хүргье.

Замын хариуцлагын асуудлыг хэн хүлээдэг юм бэ?

 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Өндөр үнээр зам тавьдаг. Өнгөрсөн жил Гүнтийн замыг тавьсан. 

Энэ зам хагараад эвдэрчихэн байна лээ. Замын хариуцлагын асуудлыг хэн хүлээдэг юм бэ? 

 Гүнтийн замыг нийслэлээс хариуцаж ажиллсан гэх юм. Нийслэл, зам тээврийн яамыг холбоотой ажилладаг гэж бодож байна.

Ер нь зам бариад эвдэрч, муудахад хэн нь хариуцлага хүлээж, асуудлыг шийдвэрлэдэг вэ?" гэв. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар " Авто замын санд авто машин борлуулалтын орлогын 20-иос доошгүй хувийг төвлөрүүлнэ гэсэн байна.

Энэ нь цаад агуулгаараа ОУВС-тай тохирсон гэрээ хэлцэлтэй нийцэхгүй шүү.

Ийм эрсдэлтэй алхам хийх шаардлага байна уу? Увс аймаг руу тавих замд 20 хувийн татвар хэрэгтэй гэж ойлгож болохгүй.

Аль нэг тойргийн юм уу хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг нэгд битгий байгаасай" гэлээ. 

Гүйцэтгэх компанитай тооцох хариуцлагыг хоёр жил болгохоор оруулж ирсэн

 

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ "Манай улсын хэмжээнд 12 мянга гаруй км авто замын асуудал яригддаг.

5,300 нь хатуу хучилттай авто зам. Үлдсэн нь шороон зам байгаа.

Өнгөрсөн жил Азийн хөгжлийн банк болон дэлхийн банкны зээлээр 570 тэрбум төгрөгийн авто замын ажил хийгдсэн. 

Авто замын хариуцлагын асуудлыг гүйцэтгэх компанитай хуучин гурван жилийн хугацаанд ярьдаг байсан. Үүнийг өнгөрсөн жил нэг жил болгосон. 

Шинэ хуулиар Авто замын эвдрэлийн асуудлыг гүйцэтгэгч компани нь хоёр жил хариуцах санал оруулж ирсэн.

Мөн дан гүйцэтгэгчтэй биш хяналт тавьж байгаа байгууллагатай хариуцлага тооцохоор тусгасан. Саяны яригдсан лагерийн зам хотын хөрөнгө оруулалтаар хийгдсэн зам юм.

Хуулийн хугацаа дуусаагүй бол гүйцэтгэгч байгууллагаар засварын ажлыг хийлгэх боломжтой.

Урсгал засвар, ээлжит, их засвар гэсэн гурван чиглэлээр авто замын засвар хийгддэг" гэсэн юм.