Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Токио-2020" зуны олимпийн Монголын багийн ахлагчаар Б.Баттүшиг томилогджээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 4
IKON.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний Олимпийн Хорооны VII чуулганаар сонгогдсон шинэ удирдлагын бүрэлдэхүүн ажиллаад нэг cap гаруй болж байгаа. Тэд цаашид хийх ажлын төлөвлөгөө болон энэ хугацаанд гаргасан шийдвэр үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр танилцууллаа.

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган "Манай МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл нь өнгөрсөн баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 28-нд хуралдаж, шинэ бүтэц, бүрэлдэхүүн, төлөвлөгөө, комисс байгуулах, МҮОХ-ны дотоод журмуудаа хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргасан.

Энэхүү хуралдаанаар “Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшигийг томилсон. Монголын багийн элчээр 2015 онд Хакухо Даваажаргал томилогдсоныг та бүхэн санаж байгаа байх. 

 

Дараагийн асуудал нь гэвэл Олон улсын олимпийн хорооноос 2016 оны наймдугаар сард “Токио-2020” олимпийн хөтөлбөрт шинээр 5 спортын төрлийг оруулсан. Үүнд, спорт авиралт, дугуйт тэшүүр, бейсбол-софтбол, каратэ, серфинг орж байна.

Мөн МҮОХ-ноос “Токио хүрэх зам”, “Гурван үеийн алтан хэлхээ” цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн спорт, олимпизм, алдарт тамирчдаа сурталчлах зорилгоор олон нийтэд хүргэх гэж байна.

Удахгүй олимпийн хөдөлгөөний үнэт зүйлүүдийн нэг болсон өсвөр үеийнхний дунд “ Олимпизм-Монголын ирээдүй” сэдэвт уралдааныг үе шаттайгаар зохион байгуулна. Одоогоор манай улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчилдаг албан ёсны 29 олимпийн зөвлөл, 700 гаруй танхим ажиллаж байна. 

Эцэст нь МҮОХ-оос сap бүр “Сарын шилдэг тамирчин” шалгаруулахаар боллоо" гэв.

"Авирагч сэтгүүлч 2017" спорт авиралтын тэмцээн болно
 
гэрэл зургийг mpa.mn

МҮОХ-оос спорт авиралтын төрлийг олон нийтэд сурталчлах зорилгоор 1 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнийг сэтгүүлчдийн дунд энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Тэмцээний талаар Уулчдын үндэсний холбооны спорт авиралтын хорооны дарга Г.Жангар "Тэмцээний зорилго нь уулын спортын төрөл болох спорт авиралтын төрлийг олон нийтэд сурталчлан таниулах, Монголын спортын хэвлэл мэдээлэл, сэтгүүлч залуучуудын дунд Олимпизмийн үзэл санааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, цаашдаа уулын спорт сонирхогч байгууллагуудтай хамтрах ажиллагааг идэвхжүүлэхэд оршиж байгаа. 

Тэмцээн тавдугаар сарын 20-нд Бямба гарагт URSA спорт бэлтгэлийн төвд болно. Оролцогч нарыг 15 хүртэл бүртгэнэ. Мэдүүлгийг galkhuu@olympic.mn, tungalag@olympic.mn цахим хаягаар ирүүлж болно. Эсвэл биеэр МҮОХ-ны байран дээр ирж бүртгүүлж болох юм" гэлээ.

Спорт авиралтын тэмцээнд хэрэглэх багаж, хэрэгслийг Монголын Уулчдын Үндэсний Холбоо хангах юм байна. Харин оролцогчид биенд чөлөөтэй, хөдөлгөөнд саад болохгүй хувцас, зориулалтын гуталтай ирэхэд болох аж.

Шагналын хувьд тэмцээний төрөл тус бүрт эхний 3 байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчинд алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналын хамт олгох аж.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.