Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутаг дахь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, тогтворжуулах зорилтын хүрээнд Монголбанк 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг өөрийн эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ын мөнгөн урсгалаар санхүүжүүлж, ипотекийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Монголбанк 2016 оны дөрөвдүгээр улиралд 94 тэрбум төгрөг, 2017 оны эхний дөрөвдүгээрсард 99 тэрбум төгрөгийн нийт 2885 иргэний ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгожээ.

Харин банкууд 2016 оны аравдугаар сараас 2017 оны хоёрдугаар сарын хооронд хөтөлбөрийн хүрээнд нийт 200.3 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосны 16.7 хувь нь хөдөө орон нутагт олгогдсон байна.

Монголбанкны зүгээс орон сууцны зах зээлийн нөхцөл байдлыг судлан үзэхэд, хөдөө орон нутгийн иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах байдал харьцангуй бага байна.

Гэсэн ч инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн орон сууцнууд орон нутагт шинээр баригдан ашиглалтад орсоор байна.

Орон нутаг дахь банкуудад ипотекийн зээлийн стандарт шаардлагыг хангасан 365 иргэний 18 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан боловч эх үүсвэргүйн улмаас санхүүжилт хүлээгдэж байсныг Монголбанк шийдвэрлэжээ. 

Хөдөө орон нутагт ипотекийн хөтөлбөрийн эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор ИЗББ-ын үндсэн төлбөрийн хэсгээс 16 тэрбум төгрөгийг дээрх иргэдийн орон сууцны зээлийг санхүүжүүлэх зориулалтаар орон нутаг дахь банкны салбаруудад олголоо.

Цаашид Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр зээл авагчдын 25 хувь нь хөдөө орон нутгаас хамрагдсан байх чиглэлийг банкуудад өгчээ.

Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилтийг хүлээж байсан дийлэнх иргэдийн хүсэлт шийдэгдэнэ. Тодруулбал, цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болж байна.

Орон нутаг дахь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олгосон энэхүү санхүүжилтийн зарцуулалтанд Монголбанк хяналт тавьж ажиллах болно.

Дашрамд дурдахад Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/-наас ирүүлсэн мэдээллээр 2016 онд улсын хэмжээнд нийт 12,179 орон сууц ашиглалтад орсноос 20 хувь буюу 2,436 орон сууц нь орон нутагт баригдсан байна.

 

Эх сурвалж: Монголбанк