Уншиж байна ...

Налайх, Багахангай, Багануур дүүргийг дагуул хот болгохоор шийджээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр "Нийслэлийн есөн дүүргээс Багануур, Багахангай, Налайх алслагдсан дүүрэг. 2014 онд эдгээр дүүрэгт захирагчийн сонгууль явуулж, дагуул хот болгох эхлэлийг тавьж байв.

Харамсалтай нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх Үндсэн хуулийн эрх зүйн орчин бүрдээгүй байсан учир захирагч гэдэг албан тушаалтныг нэлээд улс төржилт өндөртэйгөөр сонгож, 2016 оны сонгуулийн дараа татан буулгаж байсан.

Аливаа хотод нутаг дэвсгэр, татвар төвлөрүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлох, өмчөө захиран зарцуулах эрх гэдэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хадгалагддаг чиг үүргүүдийг тосгон гэдэг байгууллагад шилжүүлэх боломжгүй гэж үзэж, 2019 онд Үндсэн хуульд оруулсан.

Үндсэн хуульд оруулсан энэхүү нэмэлт өөрчлөлтийг амилуулахаар Б.Дэлгэрсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж байна. Ажлын хэсэгт миний бие болон Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг багтсан.

Ерөнхий сайдын зүгээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлт хийх хуулийг боловсруулах үүрэг, чиглэлийг авлаа. Ингэснээр Налайх, Багахангай, Багануур дүүрэг дагуул хот байдлаар хөгжих эрх зүйн үндэс бүрдэнэ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад Төв аймгийн нутаг дэвсгэр дээр "Шинэ зуун мод" хотын эрхзүйн байдлын хуулийг хамт өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

"Шинэ зуун мод" хотод орсон орлогын 20 хувийг Төв аймагт, 80 хувийг Улаанбаатар хотын хөгжилд зарцуулна. 150,000 хүний суурьшил бүхий хотыг байгуулах хуулийг хамт өргөн барина" гэж мэдээллээ.