Уншиж байна ...

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт олон улсын хөрөнгө оруулагчдыг цочроов

ikon.mn
2024 оны 4 сарын 30
IKON.MN
Зураг зураг

Монгол Улс саяхан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хувьцааны 50 хүртэлх хувийг нөхөн төлбөргүйгээр хураан авах эрхийг Засгийн газартаа олголоо. Ингэснээр уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчдийн эзэмшлийн хувийг 34 хувьд хязгаарлаж, үлдсэн хувийг нь албадан худалдахаар болсон нь олон улсын хөрөнгө оруулалтын орчинд цочрол үүсгэж байгаа тухай дэлхийн тэргүүлэх мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тухайлбал, Associated Press агентлагт хувийн хөрөнгийг булаах энэ алхам нь уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт, тогтвортой байдлыг алдагдуулаад зогсохгүй, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн амин сүнс болсон гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх аюулд хүргэж байна гэжээ.

Уг хууль хэрэгжиж эхэлснээр хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ төрүүлж, салбарын цаашдын хөрөнгө оруулалт, ахиц дэвшилд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Мөн хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдал, эдийн засгийн эрсдэл үүсгэж магадгүй талаар бичжээ. Энэхүү хууль тогтоомж нь хөрөнгө оруулалтын орчинд ойлгомжгүй байдал бий болгосноор Монгол Улсын хөгжилд ноцтой аюул учруулж байгааг эдийн засагчид анхааруулж байгаа юм.

“Уул уурхайн салбарт төрийн оролцоог нэмэгдүүлэх талаар зарим хүмүүс маргаж болох ч төрийн оролцоо хамгийн бага байх нь сайн үр дүнд хүрдгийг түүх гэрчилсэн. Энэхүү алтернатив арга нь тогтвортой өсөлтөд чухал ач холбогдолтой ба төслийн үр ашгийг нэмэгдүүлж, инновацыг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг давуу талтай” гэж уг нийтлэлд дурджээ.

Энэ хууль нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг удаашруулаад зогсохгүй цаашид хөрөнгө оруулах эсэхэд эргэлзээ үүсгэж байгаа юм. Түүнчлэн олон улсын эрх зүйн маргаан үүсэх магадлал өндөр байгаа нь ирээдүйд хөрөнгө оруулалт хийх эсэхийг тодорхойгүй болгож, дэлхийн тавцанд Монголын нэр хүндийг эрсдэлд оруулж байна гэж тодотгосон байна.

Төрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын хөгжиж буй эдийн засгийн чадавхыг улам сулруулж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засгийн харилцаа, үндэсний эрх ашиг, олон улсын хамтын ажиллагааны тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлж байгааг олон улсын судлаачид анхааралтай ажиглаж байна. Энэхүү шийдвэрийн үр дагавар нь Монгол Улсын хил хязгаараас давж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд “цуурайтаж” байна гэж онцолжээ.

 

Эх сурвалж: Associated Press