Уншиж байна ...

ШИНЖЭЭЧ: Эм Шинжлэх Лабораторийн "HPLC" багажийн хоёр нь алдаг оног ажиллаж, гурав нь ашиглалтаас гарсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдлын талаар ШИНЖЭЭЧ танилцууллаа. 

Тэрбээр "Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын харьяа Эм шинжлэх лаборатори нь 2003 онд итгэмжлэгдсэн. Мөн АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эм шинжилгээний лаборатори бөгөөд 2005 онд анх итгэмжлэгдсэн. Одоогоор зургаа дахь удаагаа, давхардсан тоогоор 347 үзүүлэлтээр итгэмжлэгдээд байгаа. 

зураг
 

Эм Шинжлэх Лаборатори нь 2013-2021 онд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын харьяа Нэгдсэн төв лаборатори гэх нэртэй байсан. Улмаар Үндэсний лавлагаа лаборатори болсон. Одоо бол Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лаборатори /ХАБҮЛЛ/ гэсэн нэртэй болсон. Эмийн чиглэлээс хазайсан гэж дүгнэж болно. 

зураг
 
Эм Шинжлэх Лаборатори нь ХАБҮЛЛ-ийн 860 метр квадрат талбайг түрээсэлдэг. Түүний түрээсийн төлбөр, тогтмол зардлын өрийг барагдуулаагүй, зөрчилтэй гэсэн дүгнэлтийг аудитын байгууллагаас гаргасан.
зураг
 

Тус лабораторийн эмд агуулагдах үндсэн үйлчлэгч бодисын хэмжээг тодорхойлоход өргөн хэрэглэгддэг хоёр "HPLC" багаж нь 2013 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр ашиглалтад орсон. 100 хувийн элэгдэлтэй ч үнийг нь шинэчлэн тогтоож ашиглалтын хугацааг сунгасан байв. 

Лабораторийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахад таван "HPLC" багажийн хоёр нь алдаг оног ажиллаж байсан. Гурав нь ашиглалтаас гарсан, нэлээд ачаалалтай ажилладаг, элэгдэж хуучирсан байсан. Гал алдахгүйн тулд ажиллуулаад явж байна. 

зураг
 
зураг
 
Мөн эмд агуулагдаж байж болзошгүй хүнд металлын хэмжээг тодорхойлоход хэрэглэдэг Атом шингээлтийн спектрометр буюу AAS гэх багаж нь 2013 оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орсон. 100 хувийн элэгдэлтэй ч үнийг нь шинэчлэн тогтоож, ашиглалтын хугацааг нь сунгасан байна. 

Тус лабораторийн боловсон хүчний нөөцөд асуудал байна.Одоогоор 26 хүний орон тоотой. 2023 оны хоёрдугаар сараас хойш дарга нь томилогдоогүй. 

ХАБҮЛЛ, Эмийн Шинжлэх Лаборатори хоёр хамт байх үедээ тоног төхөөрөмжийн инженер, урвалж бодисын нярав, ХАБ-ын ажилтан, үйлчлэгч, ариутгагч нар дундаа ажилладаг байсан. Харьяалал өөрчлөгдөх үед энэ хүмүүс нь ХАБҮЛЛ-д үлдэж, Эм Шинжлэх Лабораторид гэрээгээр ажиллах болжээ. 

зураг
 

Ажлын нөхцөл, цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгаа муу, хортой нөхцөлийн 30 хувийн нэмэгдэл олгогддоггүй. Шинээр орсон хүн 3-6 сар ажиллаж, юм сурч авчхаад гараад явчихдаг. 

Олон жил ажилласан, дадлага туршлагатай хүмүүс нь шинээр байгуулагдаж буй улсын болон хувийн лабораторид ажилд орчихдог. Ачаалал ихтэй үед оройн цагаар ажилладаг. Үндсэндээ дамжлага бааз шиг байгууллага болсон" хэмээн ярилаа. 

зураг