Уншиж байна ...

Х.Булгантуяа: Залуусыг Монголоос гадагш явуулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдсан

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд сүүлийн нэг жилд хийсэн ажил, арга хэмжээ, хууль эрх зүйн шинэчлэл, бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг танилцуулах зорилготой уулзалт өнөөдөр зохион байгуулагдав. 

Энэ үеэр цалин орлогын нэмэгдэл, боловсон хүчнийг бэлтгэхтэй холбоотойгоор Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өгсөн юм. 

"Гадаадад байгаа боловсон хүчээ эх оронд нь авчрах зөгийн үүр хөтөлбөрийг дахин хэрэгжүүлнэ"

Тэрбээр хэлэхдээ "Цалин нэмэх бодлогыг тогтмол авч байна. Нөгөө талдаа цалин нэмэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг асуудал тулгардаг. Чухам яагаад инфляцыг өдөөгөөд байна вэ гэдгийг судалж, үүний эсрэг арга хэмжээг авах ёстой.

Нөгөө талдаа хүмүүсийн цалин, бизнес хийх боломж бололцоо, орчин нөхцөл аль алийг нь хангах хэрэгтэй байна. 

Өмнө нь зөгийн үүр хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж байсан.

Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчрах, залуусыг Монголоос гадагш явуулахгүй байх арга хэмжээг дахин хэрэгжүүлэхээр Гадаад харилцааны сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. 

Гадаадад байгаа боловсон хүчин эх орондоо буцаад ирэхэд тодорхой хэмжээний хөшүүрэг дэмжлэг, бодлого хэрэгтэй байгаа. Ихэнх нь “Монголд ирээд ажилгүй, орлогогүй болчих вий дээ” гэсэн айдастай байна" гэлээ. 

"Цалин нэмэгдсэн ч бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, буцаагаад сорж аваад байвал нэмэргүй"

Үргэлжлүүлэн "Инфляцад хамгийн их нөлөөлж байгаа бараа бүтээгдэхүүний нэг бол гурил. Гурилын үнийн асуудлыг Засгийн газраас их ярьж байна.

Энэ мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг улсын төсөвт цуглуулаад буцаад багш, эмч зэрэг төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр нөгөө талдаа хэдэн бараа бүтээгдэхүүний үнэ онцгой нэмэгддэг. Цалин нэмсэн ч буцаагаад сорж аваад байвал нэмэргүй.

Тийм учраас инфляцад нөлөөлж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг яаж барих вэ гэдэгт анхаарах ёстой. Энэ асуудлыг 2023 оны нэгдүгээр сараас ярьж эхэлсэн.

Онцгойлон өсөөд байгаа бараа бүтээгдэхүүний өсөлтөд зах зээлийн зарчмаар шууд нөлөөлөхөд хэцүү. Өөрөөр хэлбэл дээд ханш тогтоох боломжгүй ч өрсөлдөөний биш, хууль бус аргаар нэмэгдээд байгаа бол арга хэмжээ авах ёстой.

Манай яамнаас иргэдийн амьжиргааг дэмжсэн асуудлыг хариуцдаг. Харин инфляцыг хуулийн дагуу Монголбанк хариуцна. Мэдээж эдийн засгийн том асуудлууд байгааг бид ойлгож байна.

Нөгөөтээгүүр цалин нэмбэл инфляц нэмэгдэнэ гэдэг. Гэтэл цалин, тэтгэвэр нэмэгдээгүй жилүүдэд ч инфляц нэмэгдэж л байсан. Үүнийг дагаад нэмэгдээд байгаа хэрэг биш.

Харин инфляц нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг судалж, багасгах арга хэмжээг авах хэрэгтэй. Хүнсний хувьсгал хийж, зарим бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхийг зорьж байгаа явдал зөв. Ингэснээр инфляцыг барих боломжтой" гэлээ. 

"Сүүлийн үед ажил олгогч нарт ажилтан олдохгүй байна гэх том асуудал үүссэн"

Мөн "Бид саяхан хөдөлмөрийн зах зээлийн 5-10 жилийн судалгааг хийсэн.

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд цалин өссөн ч ам.доллароор илэрхийлэхэд 17 хувийн л өсөлттэй байна.

Түүнчлэн манай улсын эдийн засаг, Дотоодын Нийт Бүтээгдэхүүнд хувийн болон төрийн байгууллагын цалингийн сангийн эзэлж байгаа хувь бага. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөөд байгаа мөртлөө иргэдийн цалин орлогод төдийлөн нөлөөлөхгүй хэвээр. 

Хүн амын өсөлтийн тухайд 1990-2005 оны хооронд төрөлт огцом буурсан. Энэ үеийнхэн буюу 18-33 насныхан хөдөлмөрийн зах зээлд орж ирж байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд төрөлт буурсан нь өнөөдрийн хөдөлмөрийн зах зээл буюу ажил олгогч нарт хүндээр бууж байна.

Сүүлийн үед ажил олгогч нарт ажилтан олдохгүй байна гэдэг том асуудал үүссэн. Мөн ур чадварын хувьд зөрүүтэй.

Монголын боловсролын байгууллагууд эдийн засгийн өсөлт хаашаа чиглэж байна, түүнд нь тулгуурлаж мэргэжилтнүүдээ бэлдэж байх ёстой. Гэтэл их, дээд сургуулиа төгсөж байгаа дөрвөн оюутан тутмын нэг нь бизнесийн удирдлага, үйлчилгээний чиглэлээр мэргэжил эзэмшиж гарч ирж байна.

Дэлхийн улс орнуудын гол хөгжлийн түлхүүр болсон STEM (Science, Technology, Engineer, Mathematic) чиглэлээр бэлтгэгдэж буй хүмүүс Монголд маш бага. Энэ чиглэлээр төгсөгчдийн тоог нэмэхгүйгээр шинжлэх ухаанч, инновацлаг, хөгжилд тэргүүлсэн улс байхад хэцүү.

Хамгийн чухал нь судалгаа мэдээллээ Боловсрол, Шинжлэх Ухааны Яамтайгаа холбож, цаашлаад дээрх салбарт Боловсролын Зээлийн Сангийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлах шаардлагатай. 

Их, дээд сургуулиудад бэлтгэж буй боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй холбох ёстой. Ажил олгогчид болон их, дээд сургуулиуд хоорондоо уялдаа холбоогүй. Нэг нэгнээсээ хол хөндий ажиллаж байгаа учраас л эрэлт нийлүүлэлт асуудалтай байна" гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа ярилаа.