Уншиж байна ...

Жан Тодт: Авто замын ослоор амь насаа алдаж буй эмгэнэлт явдлыг зогсоох жор бидэнд байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас зохион байгуулж буй замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой аяны талаар Тээврийн Цагдаагийн Алба болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Зам тээврийн ослоос шалтгаалан дэлхий нийтээр жилд 1.2 сая хүн амь насаа алдаж буй харамсалтай явдал гарч байна.

Ослын улмаас хохирч буй иргэдийг хамгаалах, нөхцөл байдлыг илүү сайжруулах үүднээс НҮБ-ын санаачилгаар “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриатай аяныг эхлүүлж байгаа юм. 

Олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулах компанит ажлыг Монгол Улс дэмжиж, энэ үйл ажиллагаанд оролцох болсонд талархалтай байгаагаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч Жан Тодт илэрхийлсэн юм. 

Мөн тэрбээр "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан таниулах дэлхий нийтийн аянд Монгол Улс нэгдэж, оролцохыг хүлээн зөвшөөрсөнд хүндэтгэлтэй хандаж байна. 

Энэхүү санаачилгыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд дэлхий даяар зам тээврийн ослоор нас барж буй тохиолдлыг хоёр дахин бууруулах зорилготой. Гэхдээ эцсийн дүндээ осол эндэгдэл, нас баралтыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал нөлөөтэй. 

Осол эндэгдлийн түвшнийг Европтой харьцуулбал хоёр дахин их байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монголд нөхцөл байдал эгзэгтэй байна. 

НҮБ-аас дэлхийн сурталчилгаа болон маркетингийн чиглэлээр ажилладаг томоохон компаниудтай хамтарч, зам тээврийн аюулгүй байдлыг сурталчлан таниулах аяныг хэрэгжүүлэх юм. 

Энэхүү компанит ажлыг Монголд авчирснаар шинэ санаачилгуудыг хэлэлцүүлэхээс гадна Монгол Улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулах чухал алхам байх болов уу" хэмээв. 

"Авто замын осол гарах нь гарцаагүй тохиолдох зүйл биш. Үүнийг урьдчилан таамаглаж, сэргийлэх боломжтой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Дэлхий даяар хэрэгжүүлж буй энэхүү аянд Оскарын шагналт жүжигчин Мишель Ёоу, загвар өмсөгч Наоми Кэмпбэлл, хөлбөмбөгчин Дидиер Дрогва зэрэг нэр нөлөө бүхий олон алдартан нэгдсэн. 

Дэд бүтэц, тээврийн хэрэгслийн тоон мэдээг цуглуулах, цагдаагийн байгууллагын ажлыг сайжруулах зэргээс гадна хүмүүсийн хандлага, дадал зуршлыг өөрчлөх ёстой. Хүмүүс төрийн албан тушаалтны үгийг үл тоомсорлож магадгүй ч бидний үлгэр дуурайлал болсон алдартнуудын үг тэдэнд хүрэх л ёстой.

Тодруулбал

  • Хамгаалалтын бүсээ зүүх
  • Замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөх
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Ядарсан үедээ жолоо барихгүй байх
  • Хурдаа тохируулж жолоодох зэрэг энгийн алхмыг дагаж мөрдөх нь эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэхэд тусална. 

Авто замын осол гарах нь заавал гарцаагүй тохиолдох зүйл биш. Үүнийг урьдчилан таамаглаж, сэргийлэх боломжтой. Ослоор амь насаа алдаж буй эмгэнэлт явдлыг зогсоох жор бидэнд байна.

Монгол Улсад нэн яаралтай шаардлагатай байгаа зүйлсийн нэг бол суудлын автомашин, мотоциклийн хурдыг хот суурин газарт хязгаарлах тухай хууль тогтоомж болоод буй. Мөн хүүхдэд хамгаалалтын бүс зүүлгэх дадлыг суулгаж, хууль тогтоомжоо дагаж мөрдөж чадвал нас баралтыг 60 хувиар бууруулах боломжтой" хэмээв. 

Монгол Улсын замын цагдаагийн газраас мэдээлснээр 2022 оноос өмнөх таван жилийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осол 4,142 удаа гарчээ. Үүний улмаас 262 хүүхэд нас барж, 3,879 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Гол шалтгаан нь жолооч нар хамгаалах бүс зүүхгүйгээр хурд хэтрүүлсэн эсвэл хүүхдүүдийг хараа хяналтгүй орхисон зэргээс үүдэлтэй.

Ирэх оны эцэс гэхэд манай сурталчлан таниулах аяны ажил дэлхийн 80 гаруй орны 1,000 орчим хотод өрнөж сурталчилгааны самбар, автобусны зогсоол, унадаг дугуйн тавцан дээр хүртэл мэдээллүүд гарч, олон нийтийн сүлжээний мэдээллийн хэрэгслээр ч мөн адил идэвхтэй цацагдах болно.

Энэ чиглэлээр арга хэмжээ авах цаг нь яг одоо Улаанбаатар хотод үргэлжилнэ гэдгийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч Жан Тодт хэлж байлаа. 

"Осол ихээр бүртгэгддэг хар цэгүүдээс гадна бид дадал зуршлынхаа хар цэгт анхаарах шаардлагатай"   

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элчээр "Цэгцэлье" төслийн санаачлагч Б.Болд хамтран ажиллахаар болжээ. 

Энэ талаар тэрбээр "НҮБ-аас тусгай элч ирж, манай орны зам тээврийн ослыг анхаарч, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад баяртай байна.

Манай улсад жилдээ 500-600 хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна. Харамсалтай нь энэ тоо буурахгүй хэвээр.

Энэ жил дахиад л дээрх тоо давтагдах эрсдэл бий. Үүн дотор бид өөрсдөө эсвэл бидний ойр дотнын хүн байх нь л сонин болохоос биш байдаг л тоо мэт. 

Дахин давтан осол аваар гарч байгаа хар цэгүүд бий. Хар цэгт яваад очихоор маш олон удаа лам ном уншсан, бөө засал хийсэн. Гэвч осол гарсан хэвээр. Тэнд мэргэжлийнхэн яваад очихоор замын алдаатай төлөвлөлттэй холбоотой байдаг. 

Хар цэг гэж бүртгэгдсэн газруудаа юун түрүүнд засах хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн бидний дадал зуршилд байдаг хар цэгүүдэд анхаарах шаардлагатай. Нойрмог ядарсан хэрнээ жолооны ард суудаг эсвэл бүсээ зүүхээ мартдаг, хурд хэтрүүлдэг зэргээс болж зам тээврийн осол нэмэгдэж байна. Тиймээс манай залуусын нэгдэл эдгээр хар цэгийг цэгцлэх зорилгоор хамтарсан" гэж хэллээ.