Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Номхон далай дахь ашиг сонирхлоо хамгаалахаар Францын тээвэрлэгч хөлөг Японд ирлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Солонгосын хойгийн асуудал хурцдаж байгаа энэ үед Францын армийн тээвэрлэгч хөлөг Бямба гарагт Японы Сасебо боомтод ирсэн байна.

“Mistral” нэртэй тээвэрлэгч хөлөг тавдугаар сард Гуамын ойролцоо Япон, АНУ, Британий зэвсэгт хүчинтэй хамтарсан сургуулилалт хийж, Токиогоос 2,500 км зайтай орших Тиниан аралд газар уснаа явагч машин буулгах даалгавар гүйцэтгэх юм. Хөлөг дээр Британий байлдааны хоёр нисдэг тэрэг тээвэрлэгдэж байгаа.

Уг сургуулилалтад 700 цэрэг оролцохоор төлөвлөгджээ. Ажиллагааны зорилго нь сүүлийн үед Хятад улс өөрийн эрэг орчмын болон Өмнөд Хятадын тэнгист нөлөөгөө нэмэгдүүлэх ажиллагаа эрчимжиж байгааг хязгаарлах юм.

Учир нь Франц улс Номхон далайд Нью Каледониа, Френч Полинезиа зэрэг өөрийн эзэмшлийн арлуудтай.

Хэдийгээр Хятадтай эдийн засгийн зузаан харилцаатай боловч Франц, Британи улсууд түүний нөлөө өргөжин тэлэхээс болгоомжилж, Япон, АНУ гэсэн холбоотнуудтайгаа хамтран Бээжинд шахалт үзүүлж байгаа нь энэ юм.

Францын батлан хамгаалах яамны мэдэгдэлд Mistral хөлгийн гүйцэтгэх “Жанна Д’Арк” ажиллагаа нь тус улсын дипломат бодлогыг дэмжих зорилготой гэжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Францаас гарсан Mistral хөлөг нь 35 нисдэг тэрэг, дөрвөн газардагч чиргүүл, олон зуун цэрэг тээвэрлэх багтаамжтай. Францын хөлөг тавдугаар сарын 5 хүртэл Сасебо боомтод саатах ажээ.

Хятад улс саяхан өөрийн хоёр дахь нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө ажиллагаанд оруулсан. Гэвч сүүлийн үед Хятадын цэрэг, зэвсгийн амбиц Хойд Солонгосын асуудалд дарагдаж, анхаарлын төвөөс холдоод байгаа юм.

АНУ-ын Carl Vinson тэргүүтэй цохилтын бүлэглэл мөн өчигдөр буюу Бямба гарагт Японы тэнгисийн усанд орж ирснийг Японы өөрийгөө хамгаалах хүч мэдээлжээ.

 

Эх сурвалж: Japan Today