Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд генералуудад хүндэтгэл үзүүллээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ой, “Монгол генералуудын өдөр” өнөөдөр тохиож байна. Түүхт энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат генерал цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  

Тэрбээр эх орныхоо төлөө зүтгэсэн хичээл зүтгэл, хийж бүтээсэн бүхнийх нь төлөө генералууд, тэдний гэр бүлд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж гарын бэлгээ гардуулсан юм. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч генералуудад олгодог байсан урамшууллыг ирэх жилээс сэргээнэ хэмээн хэлэв.

Өдгөөгөөс 73 жилийн тэртээ буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд дэслэгч генерал, хошууч генерал цол олгосноор анхны алтан мөрдэстнүүд төрөн гарсан юм.

Үүнээс хойш зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 180 хүн генерал цол хүртээд байна.

Энэ жилийн “Монгол генералын өдөр”-ийн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газар зохион байгуулсан бол ирэх жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.