Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Өмнөд Солонгосоос THAAD-ийн төлбөрийг нэхлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө Өмнөд Солонгос пуужингийн хамгаалалтын системийн төлбөрт нэг тэрбум ам.доллар төлөх ёстой гээд хоёр орны худалдааны гэрээг эргэж харахаа мэдэгдсэн байна.

Хятад-Өмнөд Солонгосын хооронд маргаан үүсгээд байгаа THAAD (Terminal High Altitude Area Defense) пуужингаас хамгаалах системийг Лхагва гарагт суурилуулах газарт нь тээвэрлэж хүргээд байгаа. Өмнөд Солонгос дахь АНУ-ын армийнхан суурилуулалтыг гүйцэтгэх бол Сөүл байрлуулах газрыг нь шийдэж өгсөн юм.

Трамп “Би төлбөрөө төлөх ёстой гэдгийг Өмнөд Солонгост мэдэгдсэн. Энэ бол нэг тэрбумын үнэтэй систем” гээд “Систем бол гайхамшигтай эд! Пуужинг тэнгэрт байхад нь л устгадаг юм” гэж ярьжээ.

Трампын хэлсэн үг түүний холбоотнуудтайгаа батлан хамгаалах зардлыг тэгш хуваалцдаг болно гэсэн амлалтын илэрхийлэл болж байна. Трамп сонгуулийн турш АНУ дангаараа бусдын зэр зэвсгийн зардлын ихэнхийг үүрч байгааг шүүмжилдэг байсан юм.

Тэр бас Өмнөд Солонгос-АНУ-ын хоорондын худалдааны алдагдлыг бууруулахын тулд гэрээгээ шинэчлэх эсвэл дуусгавар болгоно гэжээ. Вашингтоны албаны тоо баримтаас үзвэл Өмнөд Солонгостой хийдэг худалдаанаас АНУ 2012 онд $16.6 тэрбумын алдагдал үүрч байсан бол 2016 онд $27.7 тэрбум болж өссөн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс Сөүлд айлчлахдаа мөн худалдааны гэрээгээ эргэж харах тухай мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Korea Herald