Уншиж байна ...

Дарангуйлагчийн хөшөөг тойрсон маргаан Тайваньд ид өрнөж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан нийгэмд шилжээд 50 орчим жил өнгөрч буй Тайвань арлын эрх баригчдын дунд дарангуйлагч агсан Чан Кайшийн өв дурсгалтай холбоотой маргаан үргэлжилж байна.

Хятадын иргэний дайны дараа 1949 онд Чан Кайши болон түүнийг дэмжигчид Тайвань аралд ирж суурьшихдаа хэзээ нэг өдөр эх газрыг коммунистуудаас буцааж авахаа амлаж байжээ.

Гэвч генерал болон түүний Гоминданы нам олон арван жил арлыг хатуу гараар захирахдаа 3,000-4,000 орчим хүнийг цаазалж, сөрөг үзэл бодолтой 140,000 орчим хүнийг шоронд хорьж байв.

Чан Кайши 1975 онд нас барсны дараа Тайвань ардчилсан системд шилжиж, өмнөх дарангуйлагчаа шүүмжлэх боломжтой болсон юм.

Энэ үеэс эхлэн Чан Кайшийн үлдээсэн өвөөс салах ажил эхэлж байв.

Тайвань даяар Чан Кайшийн олон зуун хөшөө дурсгал сүндэрлэж, нэрээр нь нэрлэсэн 300 гаруй гудамж, нэрэмжит 60 орчим сургууль, байгууллага байдаг.

2018 онд эрх баригч Ардчилсан Дэвшлийн Нам дарангуйлагчийн болон Гоминданы намын Тайванийн ард түмний эсрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хороог байгуулсан юм.

2022 онд засгийн газар хуучин дарангуйллын бэлгэдлүүдээс салахад нь зориулан орон нутгийн эрх баригчдад 100,000 тайвань доллар хүртэл татаас олгох хөтөлбөр баталсан байна. Өөрөөр хэлбэл Чан Кайшийн нэг хөшөөг буулгах, эсвэл нэг гудамжны нэрийг солих ажилд ийм хэмжээний татаас олгох юм.

Гэвч энэ ажлын явц хэтэрхий удаан, өнөөдөр Тайвань даяар 700 орчим дарангуйлагчийн хөшөө сүндэрлэсэн хэвээр байгааг өнгөрсөн долоо хоногт Ардчилсан Дэвшлийн Намын нэг хууль тогтоогч анхааруулж, засгийн газарт илүү идэвхтэй ажиллахыг уриалж байв.

Үлдсэн хөшөөнүүдийн ихэнх нь зэвсэгт хүчний харьяа газруудад байгаа, цэргийнхэн дарангуйлагчийн хөшөөнөөс салах дургүй байгааг холбогдох албаныхан тайлбарласан юм.

Буулгасан хөшөөнүүдээ яах асуудал хүртэл маргаантай байна.

Чан Кайшийн бунхан байдаг Таоюань хотын цэцэрлэгт хүрээлэнд буулгасан хэдэн зуун хөшөөг хураасан байдаг.

Одоо сөрөг хүчин болсон Гоминданы намын зарим улс төрчид Чан Кайшийн хөшөөг буулгахыг эсэргүүцдэг юм.

Тухайлбал Тайпэй хотын төвд оршдог зургаан метр өндөр хөшөөг буулгавал энэ нь Талибанчууд 2001 онд Бамианы Буддагийн хөшөөг сүйтгэсэнтэй адил үйлдэл болохыг анхааруулж байлаа.

Иргэд ч энэ асуудлаар хуваагддаг.

Тухайлбал Чан Кайшийн үед хэлмэгдэж байсан хүмүүс, тэдний үр хүүхдүүд хөшөөнүүдийг буулгахыг шаардаж байна.

Харин зарим нь Тайванийн эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлж, Японы түрэмгийлэгчид, Хятадын Коммунист Намын эсрэг тэмцсэн гавьяаг нь мартаж болохгүй гэж үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian