Уншиж байна ...

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хорооны төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 5-16-нд ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хороо 2024 оны тавдугаар сарын 5-16-ны өдрүүдэд Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж, өмнөх буюу 2017 оны айлчлалын зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх гэж байна.

Дэд хорооны төлөөлөгчдийн тэргүүн Элина Штейнерте энэ талаараа "Долоон жилийн өмнөх бидний айлчлалаас хойш Монгол Улсын Засгийн газар урьдчилан сэргийлэх үндэсний механизмаа байгуулсан нь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чухал алхам юм" хэмээгээд "Засгийн газар бидний зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж буйг үнэлэх нь энэ удаагийн айлчлалын гол зорилго" хэмээн нэмж тодотголоо.

Мөн “Монгол Улсад саяхан байгуулсан урьдчилан сэргийлэх үндэсний механизм нь эрүүдэн шүүх, хүнлэг бусаар харьцахаас урьдчилан сэргийлэх чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буй талаар биечлэн сонсохыг бид тэсэн ядан хүлээж байна. Бид өмнөх зөвлөмж, энэ удаагийн ажиглалтад үндэслэн шинэ санал зөвлөмжүүд гаргаж, Монгол Улстай цаашдын яриа хэлэлцээ хийх амлалтаа дахин нотлох болно” гэв.

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус буюу нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколыг (OPCAT) Монгол Улс 2015 онд соёрхон баталсан.

Дэд хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд Нэмэлт протоколд оролцогч бүх улсад айлчилж, эрх чөлөөгөө хасуулсан эсвэл хязгаарлуулсан хүмүүс байж болзошгүй бүх газарт урьдчилан зарлалгүй шалгалт хийх эрх хэмжээтэй болно. Айлчлалын явцад Дэд хорооны төлөөлөгчид төрийн албан хаагчид, урьдчилан сэргийлэх үндэсний байгууллагын гишүүд, иргэний нийгмийн төлөөлөгчид болон НҮБ-ын бусад агентлагуудтай уулзах юм байна.

Нэмэлт протоколын 16 дугаар зүйлд заасны дагуу Дэд хороо нь айлчлалын төгсгөлд урьдчилсан санал дүгнэлтээ Монгол Улсын Засгийн газар болон урьдчилан сэргийлэх үндэсний механизмд нууцын зэрэглэлтэй танилцуулна. 

Дэд хорооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд

  • Төлөөлөгчдийн тэргүүн Елина Штейнерте (Латви),
  • Ника Кварацхелия (Гүрж),
  • Аника Томшич (Хорват),
  • Мартин Зинклер (Герман) нар багтсан байна.

Төлөөлөгчдийг ХЭДКГ-ын хүний эрхийн хоёр ажилтан дагалдан явах аж.

Нэмэлт мэдээлэл

Өнөөдрийн байдлаар Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын нэмэлт протоколыг 94 улс соёрхон батлаад байна. Гишүүн улсууд эрх чөлөөгөө хасуулсан бүх газарт урьдчилан зарлалгүй гэнэтийн байдлаар, саадгүй зочлохыг Дэд хороонд зөвшөөрөх үүрэг хүлээдэг байна. Оролцогч улсууд мөн эрх чөлөөгөө хасуулсан газруудад тогтмол хяналт тавих урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгох ёстой.

Дэд хороо нь Нэмэлт протоколд оролцогч улсуудад айлчлах, зөвлөмж өгөх замаар эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь доромжилж харьцах, шийтгэхээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мөн өөрийн зөвлөмж, ажиглалтаа улс орнуудад, шаардлагатай бол урьдчилан сэргийлэх үндэсний механизмд нууцлал бүхий тайлангаар дамжуулж хүргэдэг. Дэд хорооны зүгээс оролцогч улсуудад хандан уг тайланг нийтлэхийг уриалдаг юм.

Дэд хороо нь бие даасан, хараат бус 25 гишүүнээс бүрддэг. Гишүүд нь гэрээнд оролцогч улсуудыг төлөөлөхгүй, зөвхөн өөрийн мэргэжил, хувийн чадавхын хүрээнд хараат бусаар ажилладаг.

 

Эх сурвалж: Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар