Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Абэ, Путин нар маргаантай арлуудын асуудлаар Москвад хэлэлцлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар Пүрэв гарагт маргаантай арлууд дээр эдийн засгийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх талаар Москвад уулзаж хэлэлцлээ.

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Оросуудын эзэлж авсан гэгддэг дөрвөн арлыг Япон улс өөрийн газар нутаг гэж үздэг юм. Хоёр орны удирдагчид сүүлийн долоон сарын хугацаанд гурав дахь удаагаа уулзаж байна. Тэд өнгөрсөн арванхоёрдугаар сард Токиод уулзсан бол есдүгээр сард нь Оросын Алс Дорнодод бас уулзжээ.

Сүүлийн уулзалтыг ажиглагчид Москва, Токиогийн хооронд дайнаас хойш одоо болтол хэрэгжээгүй байгаа энхийн гэрээг байгуулахад ойртож байгаагийн шинж тэмдэг гэж үзэж байна.

Уулзалтын дараа мэдээлэл хийхдээ Путин, Абэ нар ирэх сард Японы албаныхан болон бизнесмэнүүд Курилийн арлуудад зочилж, хөрөнгө оруулалтын боломжуудыг судлахаар болсныг дуулгалаа.

Үүнээс гадна Курилийн арлуудад хамаатан садных нь шарил үлдсэн япон иргэдийн төрөлх аралдаа зорчих боломжийг Оросын тал нээж өгөхөөр болжээ. Путин арлуудын уугуул иргэдийг тээвэрлэх онгоцыг Япон руу илгээхээ амлаж, энэ нь харилцан итгэлцэл, ойлголцлыг хоёр үндэстний дунд бий болгоно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Харин энхийн гэрээ байгуулах талаар Путин, Абэ нарын хэн нь ч дурсаагүй байна. Мөн маргаантай арлууд дээр загас агнуур, аялал жуулчлал хөгжүүлэх боломжуудыг судлахаар тохирсон гэнэ.

Харин ажиглагчдын хүлээж байсан сэдэв буюу Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрийг зогсооход шахалт үзүүлэх асуудлаар ямар нэг тохиролцоо хийгээгүй тухай Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ.

 

Эх сурвалж: Japan Today