Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сарангэрэл: Сэтгүүлчид санаатайгаар хүн гүтгэдэггүй, ийм мэдээллийг улс төрчид л гаргадаг

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлэг яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр уг хуулийн гүтгэлэгтэй холбоотой заалтын талаар УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ.

Түүний яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.

Б.Сарангэрэл “Аливаа хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байна гэдэг сайжруулж, амьдралд нийцүүлж байна гэж ойлгодог. Зөрчлийн тухай хууль дээр хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлье гэж бодож байна.

Монголын түүхэнд, тэр дундаа сэтгүүл зүйн түүхэнд байгаагүй хар толбо үлдээсэн, түүхэнд бичигдэх таагүй үйл явдлыг өнөөгийн парламентийн үед гаргалаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол төр ард түмний гүүр байдаг. Ард түмнийхээ үнэнийг мэдэх эрх ашигт үйлчилдэг. Энэ талаасаа би үнэний төлөө ард түмнийхээ өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмцэл хийснийг аргагүйн эрхэнд хийсэн, зөв зүйтэй алхам байсан гэж хувьдаа үзэж байна.

Хэвлэлийн түүхэнд ийм зүйлүүд гарч байсан. Олон нийтийн телевиз, Үндэсний зөвлөл удирдлагаа эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байсан. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ингэж олноороо эсэргүүцэл илэрхийлж байсныг би санахгүй байна.

Улс төрчид бие биенээ хайцаалдаг. Тухайлбал “Чингис бонд”-оос хэн, хэдий хэмжээний зээл авсан, хугацаандээ эргэж төлөх гэж байгаа юм уу үгүй юу гэдгийг өнөөдөр бид бодитойгоор мэдэхгүй байгаа. Үүнийг хэвлэлийнхэн эрэн сурвалжилж, гаргаж тавьж байгаа. Энэ бодит мэдээллийг хаах, санхүүжилтээр нь боож хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилох гэсэн санаархал гэж хэвлэлийнхэн дүгнэж байгааг би буруу гэж үзэхгүй байна.

Хэвлэлийнхэн бичиж нийтэлснийг хууль хяналтын байгууллагынхан хянадаггүй, түүний мөрөөр ажилладаггүй. Харин бичсэн сэтгүүлчийг нь мөшгөөд явдаг. Уг нь хууль хяналтын байгууллагад сэжүүрийг нь гаргаж, мөрдөн байцаах ажиллагаанд нь тус дэм болж байгаа гэж хардаг.

Гүтгэхийг хэн ч дэмжихгүй байгаа. Гүтгэхийн эсрэг байгаа. Сэтгүүлчид санаатайгаар хүн гүтгэдэггүй. Ийм мэдээллийг улс төрчид л гаргадаг гэдгийг би дахин хэлье. Сэтгүүлч яарч даараад, сонин нь буух гээд, мэдээнийх нь цаг болох гээд алддаг юм бий. Ингэсэн тохиолдолд уучлалт гуйх, түүнийг нь хэрэгжүүлэх Ёс зүйн зөвлөлийг байгуулаад ажиллаж байгаа. Олон улсын жишиг ч ийм.

Өнөөдөр хууль хэнд үйлчилдгийг бид бүгд мэдэж байгаа. Эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүмүүст л үйлчилдэг. Энэ утгаараа өнгөрсөн парламентийн үед гүтгэхтэй холбоотой асуудлыг  Эрүүгийн хуулиар зохицуулдаг байсныг Зөрчлийн хууль руу оруулж ирснийг дэвшил гэж үздэг. Гэхдээ өмнөх Эрүүгийн хуулинд торгуулийн хэмжээ 2-20 сая төгрөг байгаагүй. Үүнийг нь өнөөдөр 20-100 сая болгон нэмэгдүүлээд ороод ирж байгаа. Ямар их мөнгө вэ. Яасан том тоо хэлдэг юм. Ямар баян юм. Үүгээрээ хэнийг айлгах гээд байгаа юм. Олон нийтээ айлгах гээд байгаа юм уу. Өмнөх хоёр хуулиа дордуулсан ийм зүйл болсон.

Хавтгайруулсан ойлголт хэрэггүй. Өнөөдөр Монголын парламентийн 76 гишүүн энэ чиглэлд бүгдээрээ ажилласан гэж бодохгүй байна. Хууль зүйн байнгын хороон дээр 4-5 хүн бусдынхаа кнопыг дараад төгөлдөр хуур л тоглосон юм билээ” гэв.