Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ай Ёо доктор: Хүүхдийн тархины даралт ихдэх өвчин нь цэвэр агаараар эмчлэгдэнэ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хүүхдэд хүчилтөрөгч дутагдсанаас тархины даралт ихдэх өвчин үүсч, тархины цусны эргэлт өөрчлөгдөж, мэдрэлийн эд эсийн бодисын солилцоо хямардаг байна. Энэхүү өвчин нь сүүлийн үед 0-5 насны хүүхдүүдэд их тохиолдох болжээ. Энэ талаар хүний их эмч Ай Ёо доктор Б.Дугархүүтэй ярилцлаа. 

- Хүүхдийн тархины даралт ихдэх өвчин юунаас болж байна вэ?

- Сүүлийн үед хүүхдийн тархины даралт хэмээх өвчин, эмгэг нь хүүхэд  болгонд тохиолддог асуудлуудын нэг болсон. Үүнд  хэд хэдэн учир шалтгаан байгаа. Эмч нар үүнийг гавалын дотоод даралт ихсэх, хам шинж гэж нэрлэдэг. Ард түмэн үүнийг тархины даралт ихдэх өвчин гэж нэрлэдэг.

20-р зууны сүүлч үеэс эхлэн энэхүү тархины даралт ихсэх өвчин их нэмэгдсэн. Яагаад сүүлийн 100 жилд энэхүү өвчин нь эрчимтэй нэмэгдэх болсон гэхээр төрөх практик үсрэнгүй хөгжиж,  хүүхэд төрүүлэх процесс өөрчлөгдсөнөөс болсон. 

20-р зуунаас өмнө ихэнх эмэгтэйчүүд эмнэлгийн нөхцөлд төрдөггүй байсан . Өндөр хөгжилтэй орнуудад эмнэлэгт төрдөг байсан байж болох ч ихэнх орнуудад гэртээ хүүхдээ төрүүлдэг байсан. Тиймээс, хүүхэд төрөх процесс нь удаан явагддаг байв. Харин орчин үед, төрөх процесс өөрчлөлтөд орж хүүхдийг маш хурдан төрүүлэх ёстой гэсэн эх барих практик хөгжсөн.

Жишээ нь, хүүхдийг хурдан төрүүлэхийн тулд янз бүрийн тарианууд хийдэг болсон. Төрж буй эх нь огцом дүлж хүүхэд аарцгаар гадагшлах үед хүүхдийн тархин дотор их хэмжээний хүчил төрөгчийн дутмагшил явагдаж, даралт өгдөг. Үүнээс болж хүүхдийн тархинд шингэн хурах, тархины даралт үүсэх, хүчилтөрөгчийн хомсдолтой хүүхэд төрөх байдал үүсэж байна. Тиймээс, тархины даралт ихсэх өвчин нь төрөх процессыг хэт их түргэвчилсэнтэй холбоотой юм.

Тархинд хүчил төрөгч дутагдахаар шингэн үүсдэг жам байдаг. Тэгэхээр, таны хүүхэд хүчилтөрөгчийн дутмагшилтай бол тархин дотор шингэн их үүснэ гэсэн үг. Тархины шингэн их үүссэн хүүхдийн толгой том байдаг.

Хэвлийд байхдаа хүчилтөрөгчийн дутмагшилтай байсан бол хүүхэд толгой томтой төрнө. Энэ нь эхийн төрөх үед хэцүү байдаг, толгой нь гадагшилдаггүй. Толгой нь гадагшлахгүй байгаа ураг нь дахиад хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Ингээд хоёр дахин илүү тархинд нь шингэн хурж, тархины даралттай хүүхэд төрдөг.

- Хүүхэд эхийн хэвлийд байх үедээ яагаад хүчилтөрөгчийн дутагдалд ордог вэ?

- Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, тамхи таталт орно. Сүүлийн үед охид залуучууд маань их тамхи татдаг болсон. Саяхан хийсэн судалгаагаар, Улаанбаатар хотын 10 жилийн нэг ангийн тамхи татдаг сурагчдын 60 хувь нь охид байна гэсэн аймшигтай мэдээлэл гарсан. Тэгэхээр, охид маань, ирээдүйн ээжүүд маань тамхи их татаж байгаа нь буруу. 

Тэр бүү хэл жирэмсэн болсон үедээ хүртэл тамхи татаж эсвэл тамхи татаж буй хүний хажууд удаан сууж байна. Тамхины утаа нь хүчилтөрөгчийг цусан дотор холбох ёстой улаан бөөмийг нь ажиллагаагүй болгочихдог. Хэчнээн эх нь агаар амьсгалдаг байсан ч гэсэн, тамхи татдаг бол улаан бөөм хүчилтөрөгчийн хангамж муутай учраас тухайн ургийн тархинд очих хүчилтөрөгч буурдаг. Тэгэхээр хүссэн хүсээгүй хэвлийн дотор байхдаа тархины даралт ихсэх өвчний суурь нь тавигдчихдаг.  Тийм учраас жирэмсэн эхчүүд маань тамхи татаж байгаа хүнээс болон тамхинаас хол байх ёстой юм.

Хоёрдугаарт, агаарын бохирдол хүчилтөрөгчийн дутагдалд орох бас нэгэн шалтгаан болж байна. Монгол Улс бусад улс орнуудаас агаарын бохирдлоороо 16 дахин илүү байна гэсэн судалгаа гарсан байгаа. 

Агаарын бохирдолд агуулагдах янз бүрийн тоос тоосонцрууд, олон тооны нүүрс хүчлийн нэгдлүүд нь эхийн цусан дотор ороод хүчилтөрөгчтэй холбогдох ёстой хэсэгт түрүүлж холбогддог. Тиймээс хүчилтөрөгч авах ёстой хэсэгт нь утаа түрүүлж холбогдсоноор хүүхэд хүчилтөрөгчийн хомсдолтой төрж байгаа юм. 

Улаанбаатар болон хөдөө орон нутагт төрсөн хүүхдүүдэд судалгаа хийхэд хөдөө орон нутагт төрсөн хүүхдүүдэд энэ өвчин 2.3 дахин бага байсан. Иймээс, жирэмсэн болсон үедээ аль болох цэвэр агаартай газар байж байгаад төрвөл тархины даралттай хүүхэд төрөхгүй гэж Эх нялхсын эмч нар зөвлөдөг.

- Эхийн хэвлийд байхдаа тархины даралттай болох ийм шалтгаанууд байдаг аж. Тэгвэл төрөх үед ямар аюул байдаг вэ?

- Юун түрүүнд, орчин үеийн эмэгтэй хүүхдүүд их бие султай болсон байна. Их бие султай гэдэг нь булчин султай гэсэн үг юм. Ялангуяа хэвлийн болон аарцгийн хөндийн булчин нь их суларсан байна. Яагаад ийм байдалд хүрч байна гэхээр суугаа ажил хийдэг, эсвэл дасгал хөдөлгөөн бага хийж байгаатай холбоотой. 

Төрөх үед эхээс шаардагдах тодорхой хэмжээний хүч шаардлагатай байдаг. Хүчний тусламжтайгаар толгойг нь аль болох хурдан гаргаж авдаг. Эхийн хүч муу байгаа тохиолдолд удаж төрдөг. Хүүхдийн толгой нь гарж чадахгүй удсанаар бүтэлт өгч тархины даралттай хүүхэд төрдөг. Учир нь аарцгийн хөндийд хүүхэд амьсгалж чадахгүй, тархинд хүчилтөрөгч очихгүй. 

Сүүлийн үед энэ байдал маш ихсэж байгаа учраас охид бүсгүйчүүд спортоор хичээллэж, аарцгийн хөндийн булчин, хэвлий гэдэсний булчинг чангалах дасгал хөдөлгөөнүүдийг маш сайн хийж байх хэрэгтэй.

Хоёрдугаарт гэвэл, төрөх гэж буй хүүхдийн толгой том, эсвэл хэтэрхий жин ихтэй байгаа тохиолдолд тархины даралттай хүүхэд төрнө. Жишээлбэл, жирэмсэн үедээ маш их таргалж байвал хүүхдийн жин нэмэгддэг. Дэлхийн стандартаар бол төрөх хүүхэд 3 кг ба түүнээс дээш жинтэй бол эхэд ба урагт аюултай, эрсдэлт шинж тэмдгүүд байдаг гэж үзэж байгаа юм. Ер нь бол 3.5 кг дотроо л байх ёстой, үгүй бол аарцгаар багтахгүй. Аарцгаар багтахгүй байхаар төрөх процесс удааширна. Ингээд тархинд даралт үүснэ. 

- Тархины даралттай хүүхдийг яаж эмчлэх вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Тархины даралт нь хүчилтөрөгчийн хомсдолоос үүдэлтэй учраас агаар салхинд сайн гаргах шаардлагатай. Аль болох зун цагт лагерь, хөдөө явах нь зүйтэй юм. Ер нь бол энэ өвчин нь цэвэр агаараар эмчлэгдэнэ.

Түүнчлэн, сүүлийн үед шинжлэх ухаан хөгжсөний үр дүнд хүчил төрөгчийн хомсдолыг сэргээх, тархины мэдрэлийн эсүүдийн хоорондын сэргэлтийг сайжруулах зорилгоор тодорхой хэдэн төрлийн витаминуудыг зөвлөж байгаа. 

 

Глютамины хүчил агуулсан тархины неоропротектор буюу тархины мэдрэлийн эсүүдийг сэргээж өгдөг бэлдмэлүүд байдаг. Монголд одоогоор байгаа нь цереброфорт гэдэг бэлдмэл. Энэхүү бэлдмэл нь манай эрүүл мэндийн даатгалын системд орчихсон байгаа. Учир нь ийм төрлийн өвчтэй хүүхдүүд сүүлийн үед ихсэх болсон. Тиймээс дан цэвэр агаарт гараад зогсохгүй, цереброфорт бэлдмэлийг давхар хэрэглэж хүчилтөрөгчийг нь нөхөж байхыг эцэг эх нартаа зөвлөж байна.

- Хэдээс хэдэн насны хооронд энэхүү өвчин нь илэрдэг вэ? Ямар шинж тэмдгээр илрэх вэ?

- 0-5 насны хооронд явагдана. Илрэх шинж тэмдгүүд нь хүүхэд их уйланхай болно, нойрондоо муудна. Зүгээр байж байгаад гэнэт цочиж уйлдаг болно. Мөн хүүхдийн чамархай хэсгийн судаснууд нь хөхөрсөн байдаг. Хүүхдийн зулай хэсгийг тэмтэрч үзвэл их даралттай болсон байдаг. Хүчтэй дарахад лугшилт мэдрэгддэг.  Зарим тохиолдолд маш хүнд даралттай хүүхдүүд бөөлждөг.

- Хүүхдийн тархины даралт өвчин нь ямар эрсдэл, хүндрэлүүд дагуулдаг вэ?

- Хэрэв энэхүү өвчнийг анхаарахгүй бол хүүхэд оюун ухааны хомсдолд орж эхэлдэг. Хэлд орохдоо маш уддаг, 4-5 насандаа ярьж эхэлнэ. Мөн, хүүхдийн сэргэлэн цовоо байдал нь алдагдчихсан байдаг. 

Хичээл, ном ямар нэгэн юмыг сурах нь удааширна, өөртөө итгэх итгэлээ алдана, үеийнхэндээ дооглуулна, хэл ярианы хувьд дутуу хөгжинө. Ингэснээр сүүлдээ хүүхэд нийгмээс тусгаарлагдах байдал үүснэ. Тэгэхээр нэгэнт тархины даралттай хүүхэд төрчихсөн бол хойшдын авах арга хэмжээндээ маш сайн анхаарч байх нь зүйтэй юм.