Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нурсултан Назарбаев: Хар өнгийн өмсгөл зөвхөн оршуулганд зориулагдсан!

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 9-нд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев улсынхаа шашны тэргүүнүүдтэй уулзахдаа сүүлийн үед залуусын дунд Исламын хэв маягийн хувцаслалт нэмэгдэх болсонд санаа зовж байгаагаа илэрхийлж, үүний эсрэг арга хэмжээ авахыг уриалсан тухай засгийн газрын вэбсайтад мэдээлсэн байна.

Охид, бүсгүйчүүдийн дунд биеэ битүү бүрхсэн хар өнгийн өмсгөл өмсөх, эрчүүдийн дунд шагайнаас дээгүүр урттай Салафи маягийн өмд өмсөх хэв маяг тархах болсныг тэр буруутгасан байна. “Манай залуус сахлаа ургуулж, өмдөө богиносгох болсон” гэж Назарбаев онцолсон нь Исламын хуучинсаг хэв маягийн хувцаслалтыг хэлжээ.

Назарбаев “Казах охидын дунд биеэ битүү хар өнгийн хувцсаар гоёх үзэгдэл нэмэгдэж байна” гээд шашны жинхэнэ агуулга, үнэ цэнийг ойлгохын оронд хэлбэр хөөх болсонд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. “Казахууд хар өмсгөлийг зөвхөн оршуулганд өмсдөг” гэж хэлсэн ерөнхийлөгч зүй бус хувцаслалтыг хуулиар зохицуулахыг уриалсан байна.

Мөн тус улсад сүүлийн жилүүдэд дэлгэрэх болсон Исламын суурь үзлийн эсрэг тэмцэхийг Назарбаев шашны зүтгэлтнүүдээс хүссэн байна. Казахстан улс 2016 онд сургуулиудад нүүрний халхавч алчуур буюу хижабыг хэрэглэхийг хориглосон юм.

Ер нь Исламын хуучинсаг үзэл номлолоос сэргийлэхийн тулд Төв Азийн орнууд янз бүрийн хориг арга хэмжээ авсаар байгаа. Тухайлбал Киргизэд гадны шашны үзэл суртлыг хориглож байгаагаа ерөнхийлөгч Алмазбек Атамбаев хэлсэн бол Тажикистанд эрчүүдийг сахлаа хэт их ургуулах, бүсгүйчүүдийг нүүрээ алчуураар бүтээхийг хориглосон байна. Узбекистанд эдгээрийг албан ёсоор хориогүй ч сахлаа урт ургуулсан эрчүүдийг олон нийтийн арга хэмжээнд оруулахаас татгалзах, нүүрээ битүүлсэн эмэгтэйчүүдийг цагдаа нар гудамж талбайд саатуулж, шалгах болсон юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty