Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Францын дараагийн ерөнхийлөгч: Экс банкир эсвэл Үндсэрхэг үзэлтэн болно

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Францын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шат болж өндөрлөлөө. Энэ шатанд үнэмлэхүй олонхийн санал хэн ч аваагүй бол тавдугаар сарын 7-нд болох хоёр дугаар шатанд хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөнө.

Дараагийн үед өрсөлдөх хоёр нь Эммануэль Макрон, Марин Ле Пэн нар болжээ. Урьдчилсан дүнгээр Макрон 23.7 хувь, Ле Пэн 21.7 хувийн санал аваад байна. Сонгуулийн албан ёсны дүн орон нутгийн цагаар шөнө дунд гарахаар байгаа юм.

Ямар ч үр дүн гарсан Францын шинэ ерөнхийлөгчөөр жилийн өмнө центрист буюу төв үзэлтэй намаа байгуулсан, төрд ажиллаж байгаагүй банкир, 39 настай Макрон, Францыг Европын холбооноос гаргахаа амлаж байгаа хэт барууны үзэлт улс төрч Марин Ле Пэн хоёрын нэг тодрох болж байна.

Ерөнхийлөгчийн суудлыг ээлжлэн эзэлж ирсэн зүүн төвийн ба баруун төвийн намууд орчин үеийн түүхэнд анх удаагаа сунгаанаас хасагджээ. Энэ тухай Макрон “Франц орон өөрчлөлтийг хүсч байгаагаа харууллаа” гээд “Бид Францын улс төрийн түүхэнд яах аргагүй шинэ хуудас эргүүллээ” гэж хэлсэн байна.

Харин Марин Ле Пэн “Энэ бол бие даасан байдлыг дэмжигчдийн түүхэн ялалт. Одоо Францчуудад хоёр сонголт үлдлээ. Нэр дэвшигч нь хоёр дахь шатанд үлдээгүй, Макроны төлөө санал өгөхгүй сонгогчид над руу эргэх хэрэгтэй болж байна” гэжээ.

Макрон ялбал Барууныг нөмрөөд байгаа хэт барууны популист үзлийг либерал үзэлтнүүд ялсан тохиолдол болно. Харин Ле Пэн ялбал тэр цагаачлалыг зогсоож, Европын Холбооны суурийг ганхуулах юм.

 

Эх сурвалж: Quartz