Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын сэргээгдэх эрчим хүч түүнийг тогтвортой ашиглах нь" сэдэвт ЭШБХ болно

ikon.mn
2017 оны 4 сарын 22
iKon.MN

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас жил бүр уламжлал болгон явуулдаг оюутны эрдэм шинжилгээний 3-р бага хурал “Сэргээгдэх эрчим хүч түүнийг тогтвортой ашиглах нь” сэдвээр англи хэл дээр зохион байгуулагдах гэж байна.

Энэ талаар манай сайт онцолж МГТИС-ийн оюутны зөвлөлийн ерөнхийлөгч Б.Номуунтай ярилцав.

 

- Өдрийн мэнд, энэ хурлын гол зорилго юу вэ, хурлынхаа талаар товч мэдээлэл өгөх үү? Яагаад энэ сэдвийг сонгосон бэ?

- Юуны түрүүнд танай сайтын уншигчдад болон танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний өдөр тутмын амьдралд тулгамддаг эрчим хүчний хэрэглээтэй холбоотой олон асуудлуудыг бид хэрхэн эдийн засгийн хэмнэлттэйгээр, сэргээгдэх эрчим хүчийг ашиглан ирээдүйн залуу инженерүүд ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээнд нэвтрүүлэх ямар гарц шийдэл олох боломжтой вэ гэдэг үүднээс энэ сэдвийг сонгосон байгаа.  

Бид анхны хурлаа “Нийгэм дэх инженер сэтгэлгээг хөгжүүлэх нь”, хоёр дахь хурлаа “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдүүдийн хүрээнд зохион байгуулж байсан.

Бид ер нь сэдвээ сонгохдоо Монголын нийгэмд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг харгалзан сонгохоос гадна оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой инновациудыг шалгаруулан олон нийтэд түгээж, томоохон аж үйлдвэрүүдэд зуучлах, улмаар оюутан залуусын эх орныхоо бүтээн байгуулалтад оруулах хувь нэмрийг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг.

 

- Энэ хурал ямар хүрээг хамардаг вэ, оюутнуудын оролцоо, сонирхол хэр байдаг уу?

- Энэ жилийн хурлын сонирхогчдын хүрээг бол нэлээд өргөн хүрээнд заасан байгаа. Тухайлбал Инженер технологийн салбарт: Механик, Уул уурхай, Хүрээлэн буй орчин, Сэргээгдэх эрчим хүч мөн бусад инженерийн чиглэлээр сурч буй оюутнууд, байгаль орчин сэргээгдэх эрчим хүчний судлаач, шинжээчид, Монголын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд хувь нэмэр оруулдаг аж үйлдвэрийн салбарынхан, мөн тухайн асуудлыг хариуцсан яам тамгын газрын ажилтан, олон нийтэд сурталчлах алба, бизнес шинжлэх ухааны мэргэжилтнүүд гэх мэт.

Харин хуралд илтгэл тавих оролцогчдын хувьд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бакалавр болон магистрт одоо суралцаж байгаа оюутнууд оролцох юм. Ер нь манай хурал жил жилд их өргөн болдог. Инженер технологийн чиглэлийн их дээд сургуулийн багш оюутнууд багаараа  ирж оролцдог.
 
- Танай хурлын онцлог ач холбогдол юу байна?

- За, энэ удаагийн хурлын онцлог гэвэл илтгэл англи хэл дээр явагдана. Гадаад энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнууд онлайнаар шууд холбогдож хуралд илтгэл тавих боломжтой байгаа.

 

Ач холбогдлын тухайд гэвэл монгол улсын инженерийн салбарт бид байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, өндөр үр ашигтай технологийн санал санаачлага, төслийн баг болж хамтран ажиллах гээд олон талын ач холбогдлуудыг харж байгаа.
 
- Ингэхэд хуралд тавигдах илтгэлүүдийн чиглэл шаардлага нь юу байх бол?

- Энэ маш чухал асуулт байна. Хуралд монгол орны газарзүй, цаг уурын эрс тэс нөхцөлд тохиромжтой сэргээгдэх эрчим хүчний тогтвортой шийдэл, сэргээгдэх эрчим хүчний тогтвортой хэрэглээ түүнийг түгээх нь (төвийн болон төвийн бус бүсүүдэд), сэргээгдэх эрчим хүчний технологийн хүрээлэн буй орчинд учруулж буй нөлөөлөл зэрэг чиглэлээр илтгэлийн төслөө ирүүлнэ.

Шаардлага нь илтгэлээ англи хэл дээр бэлтгэсэн байна, одоо бакалавр болон магистрт суралцаж байгаа оюутан байх мөн илтгэл нь өөрийн болон багаараа судалсан бүтээл байх юм.

Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд постер илтгэлээр оролцох боломжтой байгаа.
 
- Одоо бүртгэл хийгдэж байгаа юу?

- Бүртгэл явагдаж байгаа. Манай сургуулийн цахим www.gmit.edu.mn хаягаар ороод онлайнаар бүртгүүлж болно. Бүртгэл 2017 оны тавдугаар сарын 1 хүртэл явагдана.
 
- Хэзээ, хаана болох уу?

- 2017 оны тавдугаар сарын 6-ны бямба гарагт Налайх дүүрэгт байрлах манай сургуулийн хотхонд болно. Бид Улаанбаатараас ирэх оролцогчиддоо зориулж унаа тээврээр үйлчилж байгаа.

 

- Танд өөр нэмж хэлэх мэдээлэл байна уу?

- Энэ дашрамд бидний хурлын үйл ажиллагааг дэмжин урам хайрлаж байгаа Инженерийн тэнхимийн багш профессорууд болон сэргээгдэх эрчим хүчний салбартаа тэргүүлэгч Clean Energy компаний хамт олонд талархал илэрхийлэхийг хүсч байна.
 
- За танд баярлалаа. Та бүхний хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.