Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ган-Эрдэнэ: Энэ жил ЭЕШ-ын Монгол хэл, бичгийн шалгалт босго оноогүй

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхий Боловсролын төгсөн ангийн сурагчид их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт болоход сар гаруй хугацаа үлдсэн байна. Үүнтэй холбогдуулан энэ жилийн ЭЕШ-д ямар ямар өөрчлөлт орсон талаар Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа.


- Энэ жилийн ЭЕШ-ын журамд яг ямар ямар өөрчлөлт орсон бэ?

- Энэ жилийн ЭЕШ-ын томоохон нэг шинэчлэлт бол сонсож, ойлгох дасгалыг хэлний гурван хичээлд оруулж өгсөн байгаа.

Өөрөөр хэлбэл, монгол, англи, орос хэлний хичээлийн шалгалтад сонсох даалгаврыг тавих үед сурагчид сонсож, ойлгосноор хариултын хуудсаа бөглөж, оноо авах боломжтой гэсэн үг.

Мөн бүртгэлийг сурагчдын мэйл хаягаар хувийн мэдээллийг нь авч бүртгэсэн байгаа. Үүнээс гадна энэ жилийн ЭЕШ-аар тодорхой шалгалтын төвүүд дээр шууд дүнгээ харах боломжтой технологийг турших ажлууд хийгдэж байна.

Түүнчлэн монгол хэл, бичгийн шалгалт энэ жил босго оноогүй. Гэхдээ Элсэлтийн ерөнхий шалгалтад орох хүүхдүүд заавал Монгол хэл, бичгийн шалгалтыг өгсөн байх шаардлагатай.

- Дүнгээ шууд харах боломжтой технологийг туршиж байгаа гэлээ. Энэ талаар тодруулж, тайлбарлахгүй юу?

- Ерөнхийдөө манайхаас барьж байгаа чиглэл бол ирэх жил бүх шалгалтын төв дээр шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болгохыг зорьж байна. 

Энэ жилийн ЭЕШ-аар хөгжлийн бэрхшээлтэй, тусгай сургуулийн сурагчдыг онцгойлон анхаарч байна

Энэ нь мэдээж тоног төхөөрөмж, төсөв мөнгөний асуудал байгаа учраас энэ жилийн хувьд бүрэн хэрэгжиж амжихгүй.

Ирэх жил бүрэн хэрэгжих технологийн шинэчлэл явагдаж байна.

Одоогоор энэ жилийн шууд дүнгээ харах боломжтой шалгалтын төвүүдийг хэлэх боломжгүй байна.

Ямартай ч дотоод нөөц бололцоогоороо технологио турших туршиж, шууд засалт хийнэ.

- Түрүү жил шалгалтын материал задарсан гэдэг асуудал гарч байсан. Нууцлал хамгаалалтын хувьд?

- Шалгалтын сэдвийг Цагдаагийн Ерөнхий Газрын хамгаалалтанд хийдэг. Орон нутгийн шалгалтын төвүүдэд хүргэх ажлыг Тагнуулын Ерөнхий Газрын Төрийн тусгай шуудангийн алба хариуцаж хүргэдэг.

Үүн дээр тодорхой хэсэг бүлэг хүмүүс ашиг сонирхлын үүднээс гаргасан, худал мэдээлэл болох нь батлагдсан.

Манайтай ижил төстэй цахим хэрэгслээр “шипи зарна” гээд биччихсэн зүйл одоо ч мөн явж байна. Тэгэхээр энэ тал дээр шалгуулагчид албаны эх сурвалжаар мэдээллүүдийг авч байх хэрэгтэй гэдгийг сануулмаар байна.

- Саяхан бүртгэлийн хугацаа дууслаа. Энэ жилийн шалгалтад хэдэн хүүхэд бүртгүүлэв?

- Ойролцоогоор 40,500 гаруй хүүхэд бүртгүүлээд байна. Орон нутгийн бүртгэлийн мэдээлэл ирэхээр эцсийн байдлаар дүн гарна.

Бүртгүүлсэн хүүхдүүд тавдугаар сарын 15-ны өдрөөс шалгалт өгөх байр, анги, суудлаа мэдэх боломжтой болно.

- Хөгжлийн бэрхшээлтэй тусгай сургуулийн сурагчид хэрхэн шалгалт өгөх вэ?

- Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын нэг онцлог бол хөгжлийн бэрхшээлтэй, тусгай сургуулийн сурагчдыг онцгойлон анхаарч байгаа явдал юм.

Тухайлбал, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд брайль үсгээр шалгалтын сэдвийг тусгайлан боловсруулж өгдөг.

Брайль бичгийг унших хурд удаан байдаг учраас шалгалтын хугацааг нэмж өгдөг. Энгийн шалгалтын хугацаа 100 минут байхад харааны бэрхшээлтэй сурагчдын шалгалтын 180 минут байх жишээтэй.

Шалгуулагчид албаны эх сурвалжаар мэдээллүүдийг авч байх хэрэгтэй.

Харааны бэрхшээлтэйгээс гадна сул хараатай хүүхдүүд байдаг.

Тэдэнд зориулж шалгалтын материалын үсгийн фонтыг тодруулж өгөх зэрэг ажлууд хийгсэн.

Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд шалгалтад орохоор бүртгүүлсэн байна. Тэднийг дохионы багшаар хангах чиглэлийн ажлууд хийгдсэн.

Ингээд бид хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдадаа зориулан тусгай шалгалтын төв бэлдэж, анги танхимыг нь засаж, тохижуулан онцгой анхаарч байгаа.

- Хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүүхэд шалгалтад бүртгүүлсэн байна?

- Одоогоор манайд эцсийн байдлаар 18 шалгуулагч бүртгүүлсэн байна. Сонсголын бэрхшээлтэй 10, харааны бэрхшээлтэй найман хүүхэд бүртгүүлсэн.