Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосыг Хятадын бүрэлдэхүүнд байсан гэх Трампын үгийг шалгахыг шаардаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “The Wall Street Journal” сэтгүүлд ярилцлага өгөхдөө Хятадын төрийн тэргүүнтэй уулзах үеэрээ Солонгосын түүхийн сэдвээр ярилцсан тухайгаа ярьжээ.

Тэр энэ үеэр “Солонгос бол Хятадын нэг хэсэг байсан” гэх үгийг унагасан нь Өмнөд Солонгосын нийгэмд асуудал үүсгээд байна. Энэ үг Трампын өөрийнх нь үзэл бодол уу, эсвэл Ши Жиньпин түүнд ингэж хэлсэн үү гэдэг тодорхойгүй байгаа юм.

Энэ ярилцлага Солонгосын хэвлэл мэдээллээр тарсны дараа Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Чо Жюн Хюк өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хэдэн мянган жилийн түүхэндээ Солонгос хэзээ ч Хятадын нэг хэсэг байгаагүйг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрдөг” гэжээ.

АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин Хятад-Солонгосын түүхэн харилцааны тухай Трампад ярьсан бололтой. Трамп Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахад Хятадын нөлөөг ашиглахыг хүссэн нь ийм сэдэв рүү шилжихэд хүргэсэн гэнэ.

Трампын хэлсэн үг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний бас нэг сэдэв болж өргөжжээ. THAAD пуужингаас хамгаалах системээс үүдэлтэй маргаан Хятад-Өмнөд Солонгосын харилцааг угаас муутгаад байгаа.

Солонгосын Эрх Чөлөөний Намын нэр дэвшигч Хон Жүн Пё энэ талаар “Энэ бол түүхийг гуйвуулсан, Бүгд Найрамдах Солонгос улсын бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг” гэж мэдэгдсэн байна.

Ши Жиньпиний хэлсэн үгийг бүтнээр нь олж дэлгэхийг Солонгосын Ардчилсан Намын нэр дэвшигч Мүүн Жэй Ин шаарджээ. Мөн Ардын Намын нэр дэвшигч Ан Чеол Сүү “хэрвээ үнэн бол Хятад улс түүхийг гуйвуулсан хэрэг болно” гэж мэдэгдсэн байна.

Ийнхүү Трампын хэлсэн үг Хятад-Өмнөд Солонгосын харилцаанд бас нэг эмзэг асуудал үүсгэлээ.

Эх сурвалж: Bloomberg