Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосыг Хятадын нэг хэсэг байсан гэж хэлсэн Трамп Өмнөд Солонгосын иргэдийг бухимдуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн тэргүүнтэй уулзсаныхаа дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп The Wall Street Journal сэтгүүлд ярилцлага өгсөн нь өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн юм. Тэгвэл түүний яриан дотроос нэг хэсэг өгүүлбэр өчигдрөөс эхлэн Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр тарж дуулиан тарьсан байна.

Дональд Трамп ярихдаа “Дараа нь Ши Жиньпин Хятад, Солонгосын түүхийн тухай ярианд шилжсэн. Хойд Солонгос биш шүү, нийт Солонгосыг ярьж байна. Мэдээж энэ бол олон мянган жилийн түүх, олон удаагийн дайны тухай сэдэв. Үнэндээ Солонгос Хятадын нэг хэсэг байсан шүү дээ” гэжээ.

Анх түүний хэлсэн энэ үгийг Америкийн Quartz онлайн сэтгүүл ил гаргаж, Трампыг Солонгосчуудын бухимдлыг төрүүлэх үг хэллээ гэж мэдээлсэн байна. Трампын хэлсэн энэ үг Трампын өөрийнх нь үзэл бодол уу, эсвэл тэр Ши Жиньпиний хэлсэн үгийг дамжуулав уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Quartz энэ тухай мэдээлэхдээ түүхийн хуудсыг сөхөж, Солонгосын хойгт Хятадын нөлөө тогтож байсан хоёр тохиолдлыг дурджээ. Эхний удаад Хан гүрний үед (НТӨ 206-НТ 220 он) Солонгосын хойгийн хойд хэсэгт Хятадын захиргаан дор дөрвөн аймаг оршин тогтнож байсан гэнэ. Энэ тохиолдлыг Хятадын засаглал мөн байсан эсэх талаар түүхчид маргаантай байр суурьтай байдаг. Хоёр дахь удаагаа 13 дугаар зуунд Хятад, Солонгос хоёул Монголын эзэнт гүрний захиргаанд байжээ. Энэ үед ч Хятадад оршин тогтнож байсан Монголын эзэнт гүрний шууд захиргаанд Солонгосын хойг байсан гэж хэлэхэд хэцүү гэж түүхчид үздэг гэнэ.

Quartz онлайн сэтгүүлийн энэхүү нийтлэлийн талаар өчигдөр Ёнхап агентлаг мэдээлснээс хойш Өмнөд Солонгосын олон мэдээллийн хэрэгслүүд цааш дамжуулж, солонгосчуудын анхаарлын төвд ороод байна.

 

Эх сурвалж: Korea Times