Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

ГЭРИЙН ОЙР СУРГУУЛЬ ХАМГИЙН МУУ СУРГУУЛЬ УУ?!

З.Боргилмаа
2017 оны 4 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ гэдэг асуудлыг л боловсролын салбарын хамгийн том асуудал мэтээр биш ярьж, ойлгоод заншив. Сургууль хүрэлцэхгүй байхад юун чанар гэх маягтай. Зүй нь эцэг эхчүүд гэрийн ойр сургуулиас зориуд зугтаж, шилдэг рүү тэмүүлсээр байгаа нь түүнээс ч том асуудал баймаар -

Нэгдүгээр ангид орох хүүхдээ чухам ямар сургуульд сургахаа эцэг, эхчүүд яг өдийд сонгодог. Аль сургууль зүгээр вэ, ямар багш дээр вэ гэх зэрэг асуултад нэг нэгнээ хариу сурагладаг ч зарим нь Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр гаргадаг ерөнхий боловсролын дунд сургуулиудын /ЕБС/ чансааг харж байж сонголтоо хийх болжээ. Тухайн сургуулийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн амжилтаар улсын хэмжээнд, түүнчлэн улсын болон хувийн өмчийн сургууль гэсэн ангиллаар гаргадаг чансаа яг өдийд хамгийн эрэлттэй мэдээлэл юм.

Аль гайгүй сургуульд хүүхдээ сургах гэж хичээх тэдэнд сонголт хийх амаргүй даваа тулгарна. Харин дөнгөж зургаан насны босго шүргэж буй жаалуудад аав, ээжийн сонгосон сургуульд “шалгалт өгөх” том даваа ирлээ. Учир нь өдгөө чансаа сайтай дунд сургуулиуд бүгд л нэгдүгээр ангид элсэгчээсээ шалгалт авах болсон юм.

Шалгалтад даруй 300-6000 хүүхэд өрсөлдөж, тэдний тал хүрэхгүй хувь нь тухайн сургуулийн босго давах болсоор цөөнгүй жил өнгөрч байна. Амьдралынхаа анхны шалгалтыг өгсөн жаалуудын тал нь хасагдах ба тэд “Би яагаад тэнцээгүй юм бэ” гэх асуултыг ээж, аавдаа тавьж, мөн л хамгийн анхны удаа “гологдол” болсноо мэдрэх нь гунигтай. Сонгох, сонгогдох гэдэг амьдралын мөнхийн дүрэм энэ мөчөөс эхэлж байгаа нь тэр юм.

Бидний үеийнхний багад дунд сургуульд орно гэдэг нь огт “сонголт" биш байлаа. Учир нь бүгд л харьяаллынхаа дагуу “гэрийн ойрхон сургууль" гэдэг ганцхан сонголттой байсан юм. Өдгөө тэгвэл “гэрийн ойрхон сургууль” гэдэг нь бараг л хамгийн муу сургууль гэсэнтэй адил сонсогдох болжээ. Тийм ээ, дунд сургуулиуд эцэг, эхчүүдэд гологдох болсон нь энэ салбарт сүүлийн хорь гаруй жилд шинэчлэл хийгдээгүйтэй холбоотой юм. Нэг үгээр бол “гэрийн ойрхон сургууль" эцэг эхчүүдэд, цаг үедээ гологдож байна гэсэн үг.

Уг нь болдог бол бид хүүхдээ гэрийнхээ ойрхон сургуульд л хүүхдээ сургамаар байна. Өглөө, оройд хүүхэд зөөх гэж замын түгжээнд цаг гэлдрэхгүй, хүүхэд ядрахгүй, хотын зам бөглөрөхгүй гээд олон асуудал “гэрийн ойр сургууль”-ийг дагаад шийдэгдэж болмоор. Үүнийг мэдсээр байж бүгдээрээ шахам хүүхдээ Нэгдүгээр сургуульд оруулах гэж ар өврийн хаалга, халаас хайж гүйдэг нь ямар учиртай юм бэ гэж үү?!

Нэгдүгээр сургууль чухам юугаараа илүү юм бэ? Тэр хуучны байшин нь илүү гоё болохоор хүүхдээ тэнд сургах гэж хойноос хөөцөлддөг хэрэг үү?

Энэ бүх асуултад та ганц л хариу олно. Тэр нь “сургалт нь сайн” учраас гэх. Энд Нэгдүгээр сургууль гэдгээр төлөөлүүлж хэлж буй болохоос бус чансаагаар улсдаа 10-т багтдаг Орос гурав, Сант, Хобби, Монгол-Турк, Орчлон, Олонлог, 11,24,23 гээд бусад эрэлт ихтэй сургуулийг нэг ойлголтод багтааж буй юм.

Эдгээр сургуульд барилга, байшин нь сайхан болохоор эцэг, эхчүүд цаг зав, бензин тосоо гарздан байж хүүхдээ хүргэдэг юм биш Харин сургалт буюу менежмент нь санаанд нийцэж, шаардлага хангаж буй болохоор л тэр. Тэгэхээр гэрийн ойрхон сургуулиуд бүгд тэдгээртэй өрсөлдөх, дүйх хэмжээний сургалтын менежмент нэвтрүүлчих юм бол зургаан настнуудад шалгалт өгөх, эцэг эхчүүдэд хүүхэд зөөх гэдэг асуудал үгүй болно.

Нэг талаар бодоход энэ бүхэн тун хялбархан шийдэгдэж болохоор. Тэдгээр чансаа өндөр, шилдэг гэгдэх сургуулиудын менежментийг "гэрийн ойрхон сургууль”-д нэвтрүүлчихэд л болохоор тийм хялбар төсөөлөл олон хүнд бууж байгаа байх. Харин яаж вэ гэдэг арга зам нь тийм ч амаргүй байх л даа. Магадгүй “гэрийн ойр сургууль” бүрийг шилдэг сургуулиудад менежментээр хувьчлах маягийн арга зам арга байж болох ч үүнд төрийн бодлого, зохицуулалт, зориг зүрх хэрэгтэй нь гарцаагүй.

Үнэндээ чансаа өндөр, шилдэг сургуулиудад бусдаас шилдэг, гоц хүүхдүүд суралцдаг, эсвэл хамгийн шилдэг багш нар ажилладагтаа л мундаг байгаа хэрэг огт биш. Бусдын л адил хүүхдүүд суралцаж, бусдын л ижил багш нар тэнд ажиллах атал дүр дүн нь өндөр гарна гэдэг ердөө л сургалтыг удирдаж буй менежментийн сайных юм.

Сурах, сургах үйл явцад сургууль, эцэг эх гэсэн хоёр тал ижил хариуцлага хүлээнэ гэдгийг ээж, аавуудад ойлгуулаад зогсохгүй мэдрүүлж, багшийн ажилдаа хандах хандлага, хариуцлагыг удирдлага нь яс тас тооцоод эхэлбэл амжилт гардаг. Үүнийг амьдрал дээр нотолсон менежментийн нэг жишээ нь Монгол-Оросын хамтарсан III сургууль гэж салбарынхан нь төдийгүй эцэг, эхчүүд хүлээн зөвшөөрдөг. Хүүхдээ хоцроох, таслуулах, тэрчлэн гэрийн даалгаврыг нь хийлгэхгүй явуулах зэрэг Монгол эцэг, эхчүүдийн аль сул тал болгоныг тэнд засчихдаг гэх.

Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ гэдэг асуудлыг л боловсролын салбарын хамгийн том асуудал мэтээр биш ярьж, ойлгоод заншив. Сургууль хүрэлцэхгүй байхад юун чанар гэх маягтай. Зүй нь эцэг эхчүүд гэрийн ойр сургуулиас зориуд зугтаж, шилдэг рүү тэмүүлсээр байгаа нь түүнээс ч том асуудал баймаар.

Японд хүүхдийн аюулгүй орчны стандарт дунд “гэр сургууль хоорондын замд хүүхэд 10 минут л зарцуулах ёстой” гэсэн мөрдлөг байдаг аж. Хүүхэд аюулгүй орчинд амьдрах нэг том баталгаа нь сургууль, гэр хоорондын зай гэсэн үг. Харин манайд эсрэгээрээ. Гэрийнхээ ойр сургуулиас зугтацгааж байна. Сургуулиас гэр, гэрээс сургууль хүрэх замд хүүхдүүд хэтэрхий их цагийг алдаж байна. Хэзээ нэг гэрийн ойр сургууль л хамгийн сайн сургууль гэсэн үнэлэмжтэй болох бол?!

Зураг