Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн бүх нийтийн санал асуулга Эрдоганы эрх мэдлийг эрс нэмэгдүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Туркийн үндсэн хуулинд өөрчлөлт оруулах зорилготой бүх нийтийн санал асуулга өчигдөр буюу Ням гарагт болж өнгөрлөө. Санал хураах хэсгүүдийн 99 хувийн дүн гарсны дараа туркчүүд 51 орчим хувиар өөрчлөлтийг дэмжсэн нь тодорхой болж, ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган ялалтаа зарлажээ.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх заалтуудыг үндсэн хуульд нэмж оруулах зорилготой санал асуулгын албан ёсны дүн 11-12 хоногийн дотор гарна гэж Туркийн Сонгуулийн Хороо мэдэгдсэн байна. Албан бус дүнгээр 25 сая хүн өөрчлөлтийг зөвшөөрсөн сонголт хийсэн нь эсэргүүцэгчдээс 1.3 сая орчмоор илүү байгаа аж.

Туркийн ард түмэн түүхэн сонголт хийснийг Эрдоган мэдэгдэж, даруй цаазын ялыг сэргээх асуудлаар ерөнхий сайд, Үндэсний Хөдөлгөөний Намын дарга нартай уулзахаа амлажээ. Тэр өнгөрсөн онд гарсан төрийн эргэлтийг санаачлагчдыг цаазлах ёстой гэж үзэж байгаа юм.

Туркийн 55 сая иргэн санал өгөх эрхтэйгээс 86 хувийн ирцтэй байсан нь санал асуулга өндөр идэвхитэй байсныг харуулж байна.

Үндсэн хуулинд нийт 18 өөрчлөлт оруулснаар тус улсад 1920-оод оны үед үүссэн орчин үеийн бүгд найрамдах засаглалын хэлбэрт анх удаа томоохон өөрчлөлт орох гэж байгаа юм. Өөрчлөлтийн дагуу Эрдоган бие дааж зарлиг гаргах, онц байдал тогтоох, сайд нарыг томилох, парламентыг тараах эрхтэй болж байна. Ерөнхий сайдын албан тушаалыг татан буулгаснаар Эрдоган 2029 он хүртэл Туркийг удирдах боломжтой болно.

Одоогийн парламентын систем дутагдалтай болохыг Эрдоган өнгөрсөн оны төрийн эргэлтийн дараачаас ярьж эхэлсэн юм.

Хэдийгээр ялалт байгуулсан нь тодорхой болсон ч сөрөг хүчний намууд саналын хуудсыг дахин тоолохыг уриалаад байна.

 

Эх сурвалж: Russia Today