Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Норвегийн нийслэлд бөмбөг тэслэхийг завджээ

Монголын мэдээ
2017 оны 4 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Норвегийн нийслэл Осло хотын төв хэсгээс тэсрэх бөмбөг олджээ. Цагдаагийнхан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох арга хэмжээ авсны зэрэгцээ гар хийцийн бөмбөгийг биедээ авч явсан гэх хэрэгт сэжиглэн 17 настай орос хүүг баривчилсан байна. Мөн тус улсын Аюулгүйн албаныхан онц байдлын төвшнөө нэмэгдүүлжээ. Ингэх болсон шалтгаан нь сүүлийн үед хөрш Шведийн Стокгольм, ОХУ-ын Санкт-Петербург, Их Британийн Лондон зэрэг хотуудад ээлж дараалан террорист халдлага гарсантай холбоотой аж.

Мөн тус улсад ч гэсэн гэмт хэрэгтнүүд халдлага үйлдэх магадлал өндөртэй тул ийнхүү аюулгүй байдлаа чангатгаж эхэлжээ. Тэсрэх бөмбөгийг энэ сарын 8-ны өдрийн шөнө Осло хотын төв хэсэг дэх хятад гудамжаас олжээ. Цагдаагийнхан тухайн хэсгийг хамгаалалтад авч, бар, ресторанаас хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлснийхээ дараа ням гарагийн өглөө бөмбөгийг аюулгүй болгож, сэжигтнийг баривчилсан байна.

Хэргийг хариуцсан өмгөөлөгч хэлэхдээ “Хүү зүгээр л дүрсгүйтэж байсан, гэм буруугүй хүнийг баривчиллаа” гэж хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Харин “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, хүү 2010 онд Норвегид ирээд орогнол хүсэж байжээ.

Цагдаагийн албаны дарга Бенедикт Бьорнланд хэлэхдээ “17 настай хүү террорист халдлага үйлдэхийг завдсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ хүү Франц, Герман, Их Британид болсон халдлагуудыг дууриах гэж оролдсон байж ч магадгүй юм” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, аюулгүй байдлыг чангатгасан арга хэмжээ хоёр сарын турш үргэлжлэх ажээ.

Баасан гарагт Шведэд болсон халдлагын дараа болзошгүй аюулаас сэргийлэн цагдаа нар бэлэн байдалд ороод байсан юм. Стокгольм хотын худалдааны төв рүү ачааны автомашин дайран орсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 15 хүн гэмтэж бэртсэн билээ. Энэ халдлага нь 2011 онд Норвеги улсад хэт давруу үзэлт Андерс Бревик гэгч этгээд 77 хүний амь насыг хороосон аймшигт хэргээс хойш гарсан анхны халдлага юм.

 

Зураг