Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины импортын онцгой албан татварыг өөрчлөхөд анхаарвал зохих зүйлс

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 11
Сурталчилгаа

Зам Тээврийн Хөгжлийн Яамны харьяа байгууллагын статистик мэдээгээр Монгол улсад бүртгэлтэй 772,693 тээврийн хэрэгсэл байгаагаас  659,532 буюу 85,35% нь 10 жилээс дээш насжилттай хэт хуучин техник байна.

Энэ нь Монгол Улсын 4 хүн тутмын нэг нь буюу нэг өрхт нэг автомашин оногдох тоо бөгөөд манай улсын авто зам ачааллаа даахаа больж зам тээврийн осол, түгжрэл, агаар хөрсний бохирдол зэрэг нийгмийн болоод эдийн засгийн сөрөг үр дагавартай тулаад байгаа билээ. Гэсэн ч нийтийн тээвэр, авто замын салбар нь өндөр хөгжөөгүй манайх шиг улсад автомашины хэрэгцээ зайлшгүй байгаа тул автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх тухай Засгийн Газрын санал олны анхааралд байгаа юм.

Түүхийг товч сөхвөл өнгөрсөн 27 жилийн хугацаанд  автомашины импортын онцгой албан татварын хувь хэмжээнд 2 удаа л өөрчлөлт хийж байсан ба эдгээр өөрчлөлт нь Монгол улсын нийт авто-парк дараагийн 7-8 жил ямар байхыг тодорхойлдог асар чухал шийдвэр байсан байна.

1. 2006 оноос өмнө Монгол улсад суудлын автомашин онцгой татваргүй, насжилтийн ямар нэгэн хязгаар байгаагүй ба  2006.06.29-ны өдрийн онцгой албан татварын хуулиар 0-3 жилтэй, 4-6 жилтэй, 7-9 жилтэй ба 10 дээш жилтэй гэсэн насжилтийн шатлал оруулж хэт хуучин машинд өндөр татвар тогтоож хязгаарласан.

Үр дүн - Авто-парк шинэчлэгдэх, залуужих процесс эхэлж бүрэн бус хөдөлгөөний аюулгүй байдал хангаагүй автомашинаас үүдэлтэй зам тээврийн ослын тоо багасч эхэлсэн.

2. 2010.10.24-ны  өдрийн өөрчлөлтөөр хайбрид, цахилгаан, газаар ажиллах автомашинуудыг онцгой татвараас бүрэн чөлөөлсөн.

Үр дүн - Нийтийн хэрэглээ эко буюу хайбрид тал руу давамгайлах эерэг шийдвэр болсон. Гэхдээ насжилтийн ямар нэгэн хязгаар тогтоогоогүй тул 15-20 жилтэй хэт хуучин хайбрид/газ автомашин ихээр орж ирж ирсэн.

3. 2017 оны 3-р сард Монгол Улсын Засгийн Газраас УИХ-д даргад өргөн барьсан 2017 оны төсвийн тодотголд автомашины онцгой албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан.

 

Энэ чигэрээ батлагдвал хүлээгдэх үр дүн:

- Эерэг тал: Хайбрид/газ/цахилгаан автомашинаас насжилтийн шатлалаар бага хэмжээний онцгой татвар авдаг болсоноор 10-с дээш жилийн насжилттай хайбрид/газ машин орж ирэх боломж нь зах зээлийн хуулиараа багасна. Энэ нь ч эдийн засгийн болоод нийгмийн талаасаа зөв шийдвэр юм.

- Сөрөг тал нь  энгийн бензин/дизель хөдөлгүүрт автомашины онцгой татварыг бараг өсгөөгүй.

Үр дүнд нь зах зээлд эдгээр автомашинууд нь хайбридаас хямд болж нийтийн хэрэглээ бензин бага иддэг эко автомашинаас татгалзан 9 жилийн насжилттай энгийн бензин/дизель автомашин тал руу бүрэн хэлбийх болно.  Ихэвчлэн 9 жилтэй энгийн бензин/дизель автомашин зарагддаг болох тул нийт авто-парк шинэчлэгдэхгүй, бензин түлшний импортын хэрэглээ өсөж мөн автомашины хорт утааны ялгаруулалт тасралтгүй ихсэх аюултай. 

Яагаад гэвэл Хайбрид автомашин нь үйлдвэрээсээ өндөр технологи шингэсэн байдаг тул шинэ ч бай хуучин ч бай энгийн машинаасаа үнэтэй байдаг.  Хайбрид болон энгийн машин хоёроос яг ижил импортын татвар авбал хайбридын үнэ өндөр болдог. Энгийн машинд 2-3 дахин өндөр татвар ногдуулсны дараа л энэ хоёрын зах зээлийн үнэ ижил түвшинд тогтдог.

- Орхигдсон зүйл: 2010 оны өөрчлөлтөөр, мөн энэ 2017 оны шинэ саналаар огт зохицуулагдахгүй байгаа нэг зүйл нь ачааны автомашин болон автобусыг огт насжилтийн зааг тогтоохгүйгээр онцгой татваргүй оруулж ирж байгаа явдал.  Энэ заалтаас шалтгаалаад 20 ба түнээс дээш жил болсон хэт хуучин ачааны автомашин болон автобус орж ирэн богино хугацаанд эвдрэн ашиглалтаас гардаг.

Яагаад гэвэл эдгээр төрлийн тээврийн хэрэгслийг нь аль ч улсад ажлын зориулалтаар ашигладаг ба суудлын машинаас хэд дахин илүү хэрэглэгдэж элэгдэнэ. 20 жилтэй ачааны автомашин импортоор орж ирэхэд үлдэгдэл ресурс/нөөц нь маш бага үлдсэн байдаг.

 

Онцгой албан татварын хуульд нэмэлтээр оруулах санал  

1.      7-9 жилийн ангилалд байгаа суудлын автомашины онцгой албан татварыг одоогийн мөрдөж буйгаас 2-3 дахин өсгөх.

2.      Ачааны автомашин автобусанд 10 жилийн насжилтийн зааг тогтоож түүнээс дээш бол онцгой татвар оногдуулах.

Хүлээгдэх үр дүн

  • 7-9 жилийн насжилттай энгийн хөдөлгүүр бүхий автомашины онцгой татварыг нэмэгдүүлсэнээр борлуулалтын үнэ нь одоогийн шинэ татварын системээр борлуулагдах хайбрид машинтай ижил түвшинд тогтоно. Ингэснээр автопаркт эзлэх 100% шатахууны бус хөдөлгүүрт автомашины тоо одоогийн хэмжээгээ алдахгүй бөгөөд иргэдийн хувьд шатахуун бага зарцуулдаг, эко автомашинаа үргэлжлүүлэн унах боломжтой болох юм.
  • 6 жилийн насжилттай энгийн бензин/дизель автомашин, 9 жилийн насжилттай хайбрид/газ автомашин, 9 жилийн насжилттай ачааны машин ба автобус орж ирдэг болж авто-парк аажмаар залуужих боломж бүрдэнэ.
  • Ачааны автомашин ба автобусны импортоор орж ирэх насжилт 9 жилээр тогтож энэ төрлийн авто парк залуужиж, зорчигчийн болон хөдөлгөөний аюулгүй байдал дээшлэх, агаарын болон хөрсний бохирдол буурах боломж бүрдэнэ.
  • Хэрвээ 7-с дээш жилийн настай автомашинд онцгой албан татварыг нэмэгдүүлэх замаар импортын хязгаар тогтоовол дотоодын автомашины зах зээлд хамгийн багадаа 50 сая долларын эрэлт үүсэх тул бүртгэлтэй байгаа 772,693 тээврийн хэрэгслийн дотооддоо зарагдах үнэ, эрэлт өсч автомашины дагасан засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, даатгал, лизинг зэрэг бизнесийн салбарууд хурдацтай хөгжин гадагш урсах валютын хэмжээ жинтэй хувиар багасч эдийн засгийн асар их эерэг үр дагавар авчирах юм.
 

 

Энгийн бензин хөдөлгүүрт суудлын тэрэг. Одоогийн үнэ 10,5 сая төг ба шинэ онцгой татварын дараа 11 сая болно. Харьцуулахад шинэ онцгой татвараар хайбрид приус 20 загварын үнэ 15 сая төг болно.

 

 

Энгийн бензин хөдөлгүүрт Тоёота королла.  Үнэ 12,8 сая нь шинэ онцгой татварын дараа 13,2 сая болно.  Харьцуулахад шинэ онцгой татвараар хайбрид приус 20 загварын үнэ 15 сая төг болно.

 

 

20 жилийн өмнө үйлдвэрлэсэн ачааны автомашин онцгой  татваргүй орж ирсээр.  1997 онд үйлдвэрлэсэн ачааны автомашин 2017 онд онцгой татваргүй орж ирсэн.  Ийм хэт хуучин автомашины зарж байгаа үнэ нь ердөө контэйнэр тээврийн зардал, импортын татвар, ченжийн ашиг зэргээс бүрдэнэ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.