Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад, Өмнөд Солонгос улсууд Хойд Солонгосын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Хойд Солонгосын дэглэм пуужин, цөмийн туршилт нэмж хийвэл Хятад ба Өмнөд Солонгос улсууд шинэ, хатуу хориг арга хэмжээ авахаар тохиролцсон тухай Даваа гарагт Сөүлийн албаныхан мэдээлжээ.

Өчигдөр Солонгосын хойгийн асуудлыг хариуцсан Хятадын тусгай төлөөлөгч У Давэй тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотод Өмнөд Солонгосын талтай уулзалт хийсэн байна.

Бээжин-Сөүлийн хооронд THAAD пуужингаас хамгаалах системтэй холбоотой маргаан дэгдсэнээс хойш Өмнөд Солонгост айлчилж байгаа Хятадын хамгийн дээд албаны хүн У Давэй болж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтын дараа Бээжин Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд илүү идэвхтэй ажиллахаар болсон нь эндээс харагдаж байна.

Энэ сард Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ил Суны мэндэлсний 105 жилийн ой болох юм. Уг түүхэн өдрөөр Пьёньян ямар нэг зэвсгийн туршилт зохион байгуулдаг уламжлалтай.

Өнгөрсөн долоо хоногт Сирийн засгийн газрын агаарын баазад өгсөн пуужингийн цохилт ч Хойд Солонгосын дэглэмд АНУ-ын өгсөн сануулга гэж үзэж байгаа. Мөн үүнээс гадна USS Carl Vinson нисэх онгоц тээвэрлэгч тэргүүтэй АНУ-ын тэнгисийн цэргийн бүлэглэл Солонгосын хойгт ойртож байрласан нь ижил зорилготой юм.

Хятад-Өмнөд Солонгосын хэлэлцээрт Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа яригдаагүйг Сөүл баталсан байна. Харин НҮБ-ын тавьсан хоригоос ч хатуу эдийн засгийн хориг хэрэгжүүлэхээр тохиролцсон гэжээ.

Өчигдөр мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон, Японы гадаад хэргийн сайд Фумио Кишида нар утсаар ярьж Италид болох Их Долоогийн уулзалтын үеэр Хойд Солонгосын эсрэг илүү идэвхтэй ажиллахыг Хятадад уриалахаар тохиролцсон байна.

 

Эх сурвалж: South China Morning Post