Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Рэкс Тиллерсон: Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээг Хятадын тал зөвшөөрсөн

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сингапураас Австралийг зорихоор төлөвлөсөн байсан тэнгисийн цэргийн бүлэглэл Бямба гарагт Солонгосын хойгийн орчимд шилжин байрлах гэнэтийн даалгавар авсан нь өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Тэгвэл Ням гарагт CBS сувгийн “Face the Nation” хөтөлбөрт оролцсон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон энэхүү ажиллагааг явуулахдаа Хятадын удирдлагатай зөвшилцсөн талаар ярьжээ. Тэрээр өнгөрсөн Баасан гарагт Флорида дахь Мар-A-Лаго амралтын газарт Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзахдаа Хойд Солонгосын нөхцөл байдлын талаар өргөн хүрээнд хэлэлцсэн тухай хэлсэн байна.

Тиллерсон “Нөхцөл байдал хүндэрч, арга хэмжээ авахаас өөр аргагүй хэмжээнд хүрснийг Ши дарга сайн ойлгож байсан” гээд “энэ тал дээр талууд ижил байр суурьтай, санаа зөрөх зүйл байгаагүй” гэж ярьжээ.

Ерөнхийгөө одоогийн нөхцөл байдалд Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийхийг шаардах нь үр дүнгүй тул эхлээд дарамт шахалт үзүүлж Пьёньяний удирдлагын санааг өөрчилсний дараа хэлэлцээрт орохыг илүүд үзэж байгаа гэж Тиллерсон тайлбарласан юм.

“Аюул ямар хэмжээнд хүрээд байгаа, өөрийнх нь эрх ашигт хүртэл заналхийлж эхэлснийг Хятадын тал ойлгож эхэлсэн байна” гэж Тиллерсон эцэст нь дүгнэжээ.

Бямба гарагт Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчтэй утсаар ярьсан бол Хойд Солонгос Сирид өгсөн АНУ-ын агаарын цохилтыг “тэвчихийн аргагүй түрэмгийлэл” гэж мэдэгдсэн юм.

Сирийн засгийн газарт өгсөн пуужингийн цохилт нь үнэндээ Хойд Солонгост бас ийм алхам хийхээс буцахгүй гэдгээ харуулсан үзүүлбэр юм гэж судлаачид үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian