Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын топ их сургууль Оксфордод салбараа нээхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Сургууль байгуулахаар худалдаж авсан эдлэн

Хятадын томоохон их сургуулиудын нэг болох Бээжин Их сургууль Британий нэр хүндтэй сургуулиудын дунд өөрийн салбарыг нээхээр болсон байна.

Нэгэн үед Мао Зэдунь номын санчаар нь ажиллаж байсан гэгддэг Бээжин Их сургуулийн HSBC Бизнесийн сургууль ирэх оны эхээр Оксфордод нээгдэхээр болжээ.

Фокскомб Холл хэмээх эдлэнг тус сургууль саяхан 8.8 сая паундаар худалдан авч хотхоноо байгуулахаар болсон байна. 19 дүгээр зууны энэхүү эдлэнд Беркелейн наймдугаар гүн амьдарч байсан юм.

Бээжин Их сургуулийн мэдээлж байгаагаар Оскфорд дахь салбар нь Оксфордын Их сургуультай ямар ч холбоогүй бөгөөд Хятадын эдийн засаг, санхүүгийн зах зээл, корпорацийн менежмэнтийн чиглэлээр сургах гэнэ. Сургууль байгуулах эдлэн газрын төлөө нийт гурван байгууллага өрсөлдсөнөөс Бээжин Их сургууль үнэ цохиж авсан тухай тус сургуулийн декан Вэн Хай ярьсан байна.

Хятадын эрх баригчид хувь хүн, байгууллагуудыг гадагшаа их хэмжээний мөнгө гаргахыг хориглох болсон бол Бээжин Их сургуулийн наймаанд Хятадын Коммунист Нам тусалсан тухай декан бас онцолжээ.

Мөн Европын Холбооноос гарах болсноос паундын ханш Хятадын юаньтай харьцуулахад суларсан нь давуу тал болсон байна.

Бээжин өөрийн их сургуулиудыг дэлхийд гаргах амбицтай байгаа. Бээжин Их сургууль одоогоор дэлхийн топ их сургуулиудын 29 дүгээрт жагсдаг юм. Британий сургуулиуд ч 15 жилийн өмнөөс Хятадын эх газарт салбараа нээх болсон. Өнгөрсөн сард Лэйсестерийн Их сургууль зүүн хойд Хятадын Ляонинь мужид салбараа нээх тухай зарласан юм.

Оксфордын салбар нь Хятад, Европ оюутнуудад зориулагдах ажээ.

 

Эх сурвалж: The Guardian