Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын чуулганы халуун +360 хэм

Ч.Зотол, Зууны мэдээ
2017 оны 4 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хаврын хаварт улс төр буцалж, жагсаал, цуглаан тоогоо алдаж, улстөржилт хэрээс хэтэрдэг уламжлалтай. Гэхдээ зөвхөн Монголд гэж тодотгох нь зүйтэй байх. Энэ удаагийн хаврын чуулган бүр ч онцлогтой байх юм. Төсвийн тодотголыг хэлэлцэнэ, ОУВС-гийн хөтөлбөрийг батална, Үндсэн хуульд өөрчлөлт оруулна,Казиногийн хууль батална, Ерөнхийлөгчийн сонгууль явуулна гэхчлэн хэлэлцэх асуудлын жагсаалт хөвөрч байгаа. Нийтдээ 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх учиртай. Гэтэл хаврын чуулган эхлээгүй байхад сөрөг дайралтууд хэдийн эхэлчихэж.

АН-ын бүлгээс төсвийн тодотголд татвар нэмэгдүүлсэн атлаа эрх баригчид зардлаа нэмэгдүүлсэн. ОУВС-гийн хөтөлбөрт тусгахын тулд гэсэн нэрийдлээр ард түмнийхээ халаас руу орсон. Мөн энэ хөтөлбөрөөр халхавчлан их хэмжээний зээл хийж, өр нэмэгдүүлэх гэж байгааг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Нөгөө талд нь иргэний нийгмийн байгууллага, парламентад суудалгүй зарим нам хамтран “Эдийн засаг хүнд байгаа юм бол офшорт нуусан мөнгийг оруулж ирж, хүндрэлээс гарга. Офшорчдод хариуцлага тооц” гэж байна.

Офшорчдын эсрэг Ард түмний онц зөвлөл гэхэд л саяхан төв талбайд жагсаал хийж, гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Офшорыг хамгаалж, олонхын дарангуйллаар ажлаа явуулж байгаад бүхий л шатанд ард түмний дургүйцэл дээд цэгтээ тулав.

Ардын нам “Ард түмнээ сайхан амьдруулна. Амьжиргааг нь дээшлүүлнэ. Жаргалтай хотыг бий болгож, та бүхнийг жаргаана” гэхчлэн элдэв амлалтаар гарч ирснээс хойш жил тойрлоо. Өнөөдөр эргээд харахад биелсэн юм үнэндээ алга. Татвар нэмэв, тэтгэврийн насыг уртасгав, ажлын байр нэмэгдүүлсэнгүй, ард түмний амьжиргаа дээшилсэнгүй, амлалт нь эсрэгээрээ хэрэгжив. Иймд иргэд ууртай байна. 

Өнөөдрийн байдлаар зөвхөн төрийн албанаас гэхэд л ойролцоогоор 2,500 хүн ажлаас халагджээ. Ажлаас халагдсан бүсгүй өөрийгөө шатааж, улс төрийн шалтгаанаар ажлаа өгсөн Засаг дарга амиа хорлолоо. 

Сүхбаатар аймагт л гэхэд төрийн албанаас 60 хүн халагдсан, ИТХ-д иргэдийн сонгосон төлөөлөгчийг МАН баталгаажуулахгүй байгаа учраас УИХ-ын дарга, МАН-ын даргад хаягласан улс төрийн суулт, жагсаалыг эхлүүлээд байна.

Энэ их жагсаал, тэмцлийн дундуур УИХ хууль хэлэлцэж батлаад амар амгалан сууна гэж байхгүй л болов уу. Улс төрийн халуун өндрөө авч, “галзуурах” ийм цаг үед Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөл батлах, сурталчилгааг эхлүүлэх, иргэдийн уулзалтууд шилээ даран хөвөрнө. Гэтэл болохгүй бүтэхгүй бүх асуудлын эзэн МАН, тэмцэгчдийн гол бай нь гүйцэтгэх засаглалын тэргүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд нар руу чиглэж байна.

Нөгөө талаас УИХ өөрөө эвийн хэрэм шиг байж чадаж байна уу гэвэл бас л үгүй. АН-ын бүлгийн есөн гишүүн дээр Ардын нам дотроос Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд сөрөг байр сууриас асуудалд хандсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, хаврын чуулганы халуун +360 хэм хүрч буцлах дүр зураг ийм байна. УИХ тэсэх үү, тэсрэх үү?

Зураг