Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Гурван талт хэлэлцээрийн заалтууд зөрчигдсөнөөр ТОГТВОРГҮЙ байдал үүсэж болзошгүй"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮЭХ-ноос ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, төсвийн тодотгол, гурван талт Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ ОУВС-тай тодорхой нөхцөлүүдээр урьдчилсан тохиролцоонд хүрч төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан энэ сарын 3-ны өдөр МҮЭ-ийн холбооноос УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүдэд санал хүргүүлжээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч, төлөөлөгчдийн ахлах Х.Амгаланбаатар "Хоёр сарын өмнө байгуулсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн тодорхой 4 заалтыг зөрчиж байгааг бид албан ёсоор мэдэгдсэн. Энэхүү хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 дэх заалтууд зөрчигдөж хөдөлмөрийн хамтын маргаан үүсч, бүх нийтийн ажил хаялт үүсч болзошгүйг Монгол Улсын Засгийн газар, холбогдох сайд нарт МҮЭ-ийн холбооноос удаа дараа албан ёсоор мэдэгдсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Ямар заалтууд нь зөрчигдсөн гэхээр, бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход нэхэмжлэгч талуудтай урьдчилан зөвшилцөх ёстой байсан 2.4 дэх заалт зөрчигдөж байна. Үүнийгээ маргааш УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. 

3.2 дах заалт буюу тэтгэвэр, тэтгэмж төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой үед хэлэлцээр байгуулж шийдвэрлүүлнэ гэсэн заалт. 2 жил цалинг нэмэхгүй царцаана гэж хэлж байгаа асуудал нь энэ заалтыг зөрчих байдал руу оруулна. 

3.9 дэх заалт буюу эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх гэсэн заалтууд нь зөрчигдөж байна.

Эдгээр заалтууд зөрчигдсөнөөр хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхэд хүргэж, улмаар нийгэмд тогтворгүй байдал бий болж болзошгүй байна.

Энэ нь жирийн иргэдийн халаасыг нимгэлж, нуруун дээр нь ачаа нэмсэн, төрийн тансаглалыг нэмэгдүүлсэн, зардлаа танаагүй төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж богино хугацаанд хэлэлцүүлэн батлуулах гэж байгааг иргэд, МҮЭ-ийн холбооноос буруушааж байна" гэлээ.

Төрд итгэх иргэдийн итгэл суларч, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

МҮЭХ-оос Монгол Улсын Засгийн газар, Улс төрийн намуудад өчигдөрөөс эхлэн мэдэгдэл хүргүүлж байгаа аж. 

Энэхүү мэдэгдэлдээ "Иргэдийг улс төрийн намын харъяаллаар нь ялгаварлан тэдний хөдөрлмөрлөх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих явдал сүүлийн 27 жилийн хугацаанд үргэлжилж байна. Сонгуулийн үр дүнгээр эрх баригч болсон Улс төрийн нам нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх болсондоо ажил үүргээ хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж сольсоор байна. Төрд итгэх иргэдийн итгэл суларч, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Улс төрийн үзэл бодлоор нь далимдуулан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилгүй орлогогүй болгож байгаа байдал нь нийгэмд цөхрөл, бухимдлыг бий болгож, иргэдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирох болон төрийн албаны тогтвортой үйл ажиллагаа алдагдахад хүргэж байна.

Иймд намын гишүүнчлэлээр нь төрийн албан хаагчдыг халж өөрчлөхгүй, ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийг улс төрийн үзэл бодол, намын харъяалалаар нь хуваан талцуулахгүй байх, тэднийг эх орныхоо тусгаар тогтнол хөгжил дэвшлийн төлөө гэсэн нэгэн зорилгын доор хамтран ажиллаж, зохистой хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авахыг МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, нийт улс төрийн намуудад хандан мэдэгдэж байна" гэжээ.