2017/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,457.47₮
B32
УЛААНБААТАР
11°
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S32
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-1°
00:00
S32
-2°
01:00
S32
-3°
02:00
S32
-3°
03:00
S32
-3°
04:00
S32
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хар тамхины хэрэглээ Монгол хүний удмын санд нөлөөлөх хэмжээнд хүрчээ

Б.Энхзаяа
2017 оны 4 сарын 4
Зууны мэдээ

Xaр тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус наймаа Монгол Улсад аюулын харанга дэлдсээр байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо жилээр бус сараар өсөж байгаа нь хар тамхины аюул ямар төвшинд хүрснийг бэлэхнээ харуулна.

Хууль бус наймаа, хэрэглээ хүрээгээ тэлсээр хор уршиг нь хүний амь насанд хүрдэг боллоо. Хар тамхи хэрэглэсэн залуус өөрийгөө хянаж чадахгүйгээс болж нэг нь өндрөөс унаж амиа алдсан хэрэг саяхан гарсан. Амьдралд дөнгөж хөл тавьсан 18 настай залуу хар тамхины тунг хэтрүүлж хэрэглээд нас барсан тохиолдлыг эмнэлгийн байгууллагынхан харамсан өгүүлж байна.

Хар тамхитай тэмцэх төрийн бодлого шаардлагатай байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хууль хяналтын байгууллагынхан анхааруулсаар ирсэн. Үүний хүчинд Засгийн газраас Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн сард баталсан. 

Тэгвэл уг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд цагдаагийн байгууллага, төрийн бус байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг өчигдөр Улаанбаатар хотын цагдаагийн газарт болов. Хэлэлцүүлгийг Эрүүгийн цагдаагийн албанаас санаачлан зохион байгуулж. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг, Хар тамхитай тэмцэх мэдлэг төв, Хорт зуршлаас сэргийлэх нийгэмлэг зэрэг ТББ болон төрийн байгууллагын төлөөлөл оролцов.

Энэ оны эхний гурван сард гарсан энэ төрлийн хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэргийн тоо 57.1 хувь, холбогдогчдын тоо 21 хувиас өссөнийг Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлсэн юм. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгсэд 2015 онд 27 байснаа 2016 онд 47 болж, бараг хоёр дахин өссөн судалгааг ч танилцуулав. 

Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх судалгаагаар хар тамхины хэрэглээ монгол хүний удмын санд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэсэн дүн мэдээ гарчээ. Т иймээс хэлэлцүүлэгт оролцогчид үндэсний хөтөлбөрөөс урьдчилан сэргийлэх ажлыг чухалчлан анхаарахад санал нэгтэй байлаа. Учир нь хар тамхины эмгэгийг Монголд битгий хэл дэлхийд бүрэн эмчилж чадахгүй, эмчилгээний үр дүн ердөө 3-5 хувь байгаа нь ийм шийдвэрт хүргэж буй аж. 

Өөрөөр хэлбэл, нэгэнт донтсон хүмүүсийг эмчлэх боломжгүйгээс хойш хэрэглэхээс урьдчилан сэргийлэх нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгдүгээр ажил гэж тэд тодорхойлж байв.

Олон улсад хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх нийт зардлын гуравны хоёр нь мөрдөн шалгах, ял эдлүүлэх ажиллагаанд, гуравны нэг нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, эмчлэхэд зарцуулагддаг байна. Тиймээс энэ харьцааг эсрэгээр нь хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж НҮБ-аас олон улсад зөвлөх болжээ. Ер нь төрийн хяналт хаана сул байна тэнд хар тамхины хар зах улам дэлгэрдэг бичигдээгүй хууль байгааг ч хэлэлцүүлэгт оролц-сон хүмүүс хэлж байлаа. Албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.

С.Ариунболор: ЭХНИЙ ШАТАНД ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО

/Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч/

-Хар тамхины гэмт хэрэг олон улсын хэмжээнд, нууц далд аргаар үйлдэгддэг. Энэ хэргийн талаар ямар нэгэн субъект мэдэгддэггүй, мэдээлэл өгдөггүйгээрээ онцлог. Манай улсад илрүүлэлтийн тоо өсөж байгаа. Тэгэхээр үйлдэгдэж байгаа хэргийн тоо өсөж байна гэсэн үг. Холбогдож байгаа хүмүүсийн олонх нь залуус. Залуус олноороо энэ хэрэгт холбогдож байна гэдэг нь Монгол Улсын ирээдүйд нөлөөлж байна гэсэн үг. 

Хар тамхины хэрэглээ монгол хүний удмын санд нөлөөлөх эрсдэлтэй байгаа учраас зайлшгүй урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг авч Засгийн газрын хэмжээнд хөтөлбөр батлуулж хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн хэрэгцээ шаардлага үүссэн. Тиймээс үндэсний хөтөлбөр батлагдлаа. Хөтөлбөр хоёр үе шаттай. Хоёр хоёр жилийн хугацаатай хэрэгжинэ. Эхний шатанд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нөхцөл байдлыг зөв тодорхойлж хийх ажлаа зөв төлөвлөх ажлууд хийгдэнэ.

Ш.Лхагвасүрэн: ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭСЭЙ 

/Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал/

-Үндэсний хөтөлбөрийг 18 жил хүлээсэн. Бид ямар ч санхүүжилтгүй олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Тиймээс хэрэглэгчдэд зориулсан хөтөлбөр хүлээж байна.

Мөн нийгэмшүүлэх төв болъё гэсэн хүсэлт тавиад байгаа. Манайд хандаж байгаа хүмүүс сүүлийн үед нэмэгдэх болсон. 18-20 насныхан түлхүү хандаж байна.

С.Мөнхтуяа: ХАР ТАМХИ АРХИНЫ ШАРТАЛТААС 60 ДАХИН ХҮЧТЭЙ ХАРААТ БАЙДАЛ ҮҮСГЭДЭГ

/СЭМҮТ-ийн их эмч, “Хорт зуршлаас сэргийлэх нийгэмлэг” ТББ-ын тэргүүн/

-Хар тамхи, мансууруулах төрлийн эмгэгт долоон бүлэг, нэг бүлэгт 32 зүйлийн өвчин эмгэг багтдаг. Тухайлбал, мансууруулах бодисыг тодорхой хугацаанд хэрэглэсний дараа, магадгүй анхны удаагийн хэрэглээгээр ч хараат байдалд орж болдог, бие организмын хараат байдалд ордог, тухайн хүний зан төрхөд өөрчлөлт өгдөг хэрэглээ байдаг. Ийм хэрэглээ үүсэж эхэлбэл донтох эмгэг гэж үздэг.

Архины шарталтаас 60 дахин хүчтэй хараат байдал үүсгэдэг. Хар тамхи хүний биеийн бүх эрхтнийг гэмтээдэг. Монгол Улсад эмчилгээ байхгүй биш байгаа. ЭМЯ-наас баталсан оношилгоо эмчилгээний долоон бүлгийн, нэг бүлэгт 32 төрлийн өөрчлөлтийг эмчлэх стандарт байгаа. Гэхдээ үр дүн муу. Дэлхий нийтэд ч мөн адил. Эмчилгээ сайн хөгжсөн БНХАУ, ОХУ, АНУ-д гэхэд эмчилгээний үр дүн 3-5 хувь л байгаа.

Г.Болор-Эрдэнэ: ШОРОНЖСОН эсвэл донтогчдын НИЙГЭМ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

/ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах төвийн мэргэжилтэн, судлаач, цагдаагийн хошууч/

-Хар тамхины гэмт хэрэг, хэрэглээтэй тэмцэхийн тулд энэ талын мэдэгдэхүүнтэй байх ёстой. Бид АНУ-ыг үлгэр жишээ болгож авах дуртай. Г эхдээ тус улсад муу жишээ ч бий. Тухайлбал, 1971 оны зургаадугаар сарын 18-нд Ерөнхийлөгч Нилсон хар тамхитай тэмцэх шийдвэр гаргаж хэрэглэгч, худалдаачин бүгдийг нь хоморголон хорих ажлыг эхлүүлсэн.

1971 онд 300 мянган хоригдолтой байсан АНУ 2013 он гэхэд 2.3 сая хоригдолтой болсон. Үүний дараа хар тамхины хэрэгт холбогдсон хоригдлын тоогоор БНХАУ ордог. Энэ хэрэгтэй тэмцэхдээ эхнээс нь маш сайн төлөвлөж, нөхцөл байдлыг зөв тодорхойлохгүй бол шоронжсон нийгэм, эсвэл хар тамхинд донтогсдын нийгэм бий болгох эрсдэлтэй.

Олон улсын хамтын нийгэмлэгээс хар тамхитай хорьж цагдаж тэмцэх нь шийдэл биш гэдгийг олон улсад зөвлөж байгаа. Харин гол арга хэмжээ нь урьдчилан сэргийлэлт. Ямартаа ч гарц байна. Гол нь зөвхөн энэ төрлийн хэрэгтэй тэмцэж буй хүмүүсээс зогсохгүй Ерөнхийлөгчөөсөө эхлээд Цагаан давааны хог дээр байгаа жаал хүүд хүртлээ энэ аюулын талаарх ойлголтыг өгөх ёстой. Ингэхдээ зөв, нэгдсэн мэдээллийг олон түмэнд хүргэх нь чухал байна.

x