Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тодням: Хүүхдийнхээ өсөлтийг 6 сардаа нэг удаа үзэж байх хэрэгтэй

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 31
iKon.MN
 

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Тод-Эйч хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгтэй хамтран хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, хорт хүнд металлын хордлого болон эрдэс минералын дутагдалын талаар Баянгол дүүргийн “Залуучуудын хөгжлийн төвд” өнөөдөр сургалт зохион байгууллаа. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 4.6.3 дах хэсэгт Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг сайжруулахаар тусгагдсан байгаатай холбоотойгоор цаашид энэ сургалтыг нийслэлийн дүүргүүдэд шат дараатай зохион байгуулах аж.

Сургалтын үеэр "Тод-Эйч" хүүхдийн өсөлтийн клиник эмнэлгийн захирал Д.Тоднямаас зарим зүйлийг тодрууллаа.

- Өнөөдрийн сургалтын ач холбогдол юу вэ? Ямар хүмүүс сургалтанд хамрагдаж байна вэ?

 - Манай эмнэлэг нь Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран залуу эцэг эхчүүдэд, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор "Хүүхдийн зөв, эрүүл өсөлт бойжилт" сэдвээр сургалт хийж байна. Сургалтанд оролцож байгаа залуу гэр бүлүүд хүүхдээ яаж эрүүл, зөв өсгөж бойжуулах, хүүхдийн өсөлт ба өсөлтийн даавар, өсөлтөд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар мэдээлэл авж байгаа юм.

Хамгийн гол сургалтын ач холбогдол нь гэвэл манай эмнэлэг дээр хүүхдийн үснээс дээж аван, үсний эдийн хорт хүнд метал, минералын оношилгоог хийдэг юм. Энэхүү оношилгоогоор хүүхдийн биенд байж болохгүй хорт хүнд металын эрдэс минералын дутагдлыг илрүүлдэг. Одоогоор бид Монгол Улсын хэмжээнд 400 орчим хүүхдэд оношилгоо хийсэн байгаа. Тиймээс бид өнөөдөр хүнд метал гэж юу болох, хүүхдүүдийг үүнээс яаж хамгаалах ёстой, хордсон тохиолдолд ямар шинж тэмдэг, зовиур илэрдэг, яаж эмчилж болох, урьдчилан сэргийлж болох талаар мэдээлэл өгч байна.

- 400 хүүхдэд хийсэн оношилгооны хариу ямар гарсан бэ?

- Эдгээр 400 хүүхэд нь ихэнх нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа хүүхдүүд. Оношилгооны үр дүнд 99 хувь ямар нэгэн байдлаар хорт хүнд металын хордлоготой байна гэж гарсан. Хордлоготой хүүхдүүд бараг бүгдээрээ чухал хэрэгцээт эрдэс, шим тэжээл, минералын дутагдалтай гэж гарсан. Хүүхэд эрүүл өсч, бойжиход цайр, манга, селен, фосфор, зэс, төмөр гэх мэт маш олон төрлийн хэрэгтэй минералууд байдаг. Эдгээрээс ямар нь Улаанбаатарт амьдарч буй хүүхдүүдэд илүү дутагдалтай байдаг, залуу эцэг эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй талаар бид өнөөдөр зөвлөгөө өгч байна.

- Хорт хүнд металлын хор уршиг нь юу байдаг вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?

- Эхний ээлжинд залуу эцэг эхчүүд хүүхдийнхаа өсөлт бойжилтонд анхаарах хэрэгтэй. Хүүхдийн өсөлт бойжилт гэдэг нь байгалийн жамаар явдаг зүйл биш юм гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Хүүхэд зөв өсч бойжиход эцэг эхчүүдийн үүрэг оролцоо маш чухал. Ядаж, хүүхдийнхээ өсөлтийг гэрийнхээ ханан дээр 6 сардаа нэг удаа үзэж байх хэрэгтэй. Энэ нь өсөлтийн эмгэгээс сэргийлнэ.

Өсөлтийн эмгэг гэдэг нь нас чацуу, ижил хүйсний хүүхдүүдийн дундаж жин, өндөртэй харьцуулахад 3 хувиас доош байх тохиолдлыг хэлдэг. Тодруулбал, жилд 4 см-ээс бага өсөх, тухайн насны хүүхдийн дундаж өндрийн хэмжээнээс 10-аас дээш сантиметрээр намхан хүүхдийг өсөлт хэт удаан гэж үздэг. Тиймээс ийм зүйл илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Хорт хүнд металлын, эрдэс минералын дутагдлын хувьд бол манай улсын хэмжээнд хамгийн түгээмэл гарч байгаа нь хар тугалга, хөнгөн цагаан, мөнгөн ус төрлийн хорт металлууд байдаг. Үүнийг дагаад, цайр, селен, фосфор, кальци, манган, магни зэрэг металлууд дутагдаж байдаг.

Хэрэв хүүхэд ямар нэгэн төрлийн хорт хүнд металлын хордлогод орвол өсөлт удааширна, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар доройтож, сурлага муудаж эхэлдэг. 

Хорт хүнд металлаас батга, хамрын хөндийн үрэвсэлт өвчин, зүрхний өвчин, таргалалт, үсний уутанцрын үрэвсэл, өтгөн хатах артерийн судасны хатуурал, гэдэсний үрэвсэл, даралт ихсэх, хорт хавдар, харшил зэрэг маш олон төрлийн өвчин үүсдэг.

Тиймээс хэрэв таны хүүхдэд эдгээр шинж тэмдэг, зовиур илэрвэл эцэг эхчүүд үүнийг анхааралдаа авч, эмчид хандах нь зүйтэй юм.