Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бангладешт "С.Зоригийн хэрэг"-ийг хэлэлцэх үү

Х.Батсайхан, Ардын эрх
2017 оны 4 сарын 3
Ардын эрх
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илэрч, анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдээд байгаа билээ. 19 жилийн өмнө болсон уг хэргийг Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар үйлдсэн гэж үзэж ял оноогоод буй. Гэвч шүүх хурлыг эхнээсээ дуустал нь хаалттай горимд явуулсан нь иргэдийн дунд эргэлзээ төрүүлсэн. 

Тэгвэл гадаад ертөнцөд ч хэргийн шийдвэрлэлтэд эргэлзээтэй хандаж байна. Энэ хэргийн илрүүлэлтэд байнга санаа тавьж, дуу хоолойгоо хүргэж ирсэн Олон улсын парламентын холбооноос хэргийн шийдвэрлэлтэд эргэлзээтэй хандаж байгаагаа илэрхийлсэн албан бичгийг тус байгууллагаас удаа дараа ирүүлж байгаа аж. Олон улсын парламентын холбоо бол 1889 онд байгуулагдсан, дэлхийн ууган олон улсын байгууллагуудын нэг. 

Байгуулагдсан цагаасаа хойш төлөөллийн ардчиллыг боловсронгуй болгох, гишүүн орны парламентуудын туршлага солилцох бололцоог хангах чиглэлд хүчин чармайлт гаргаж ирсэн хүчирхэг, нөлөө бүхий байгууллага юм. Энэ байгууллагын Парламентын хүний эрхийн хороо гэж байдаг. Эрх нь зөрчигдсөн парламентын гишүүний асуудлыг энэ хороо анхааралдаа авч, тухайн улсын холбогдох байгууллагуудад албан бичиг илгээж, хуулийн дагуу ажиллахыг шаарддаг юм. 

Талийгаач С.Зориг парламентын гишүүн байсан учраас Парламентын хүний эрхийн хороо хэрэг гарсан цагаас хяналтдаа авч ажиллаж ирсэн байдаг. Хэргийн илрүүлэлт удаашралтай явагдаж байх үед жилд нэг удаа хэргийг илрүүлэх ажлын тайлан ирүүлэхийг шаарддаг байсан уг байгууллага ноднингоос буюу хэргийн илрүүлэлт эрчимжсэнээс хойш албан бичиг ирүүлэх нь эрс олширчээ. 

Талийгаач С.Зориг парламентын гишүүн байсан учраас Парламентын хүний эрхийн хороо хэрэг гарсан цагаас хяналтдаа авч ажиллаж ирсэн байдаг.

Гэхдээ өмнө нь зөвхөн тайлан нэхдэг, хүчин чармайлт гаргаж ажиллахыг шаарддаг байсан бол энэ үеэс эхлэн тодорхой үйл явц, баримт дээр тулгуурлан Монголын хуулийн байгууллагынхны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, шаардлага, зөвлөмжийн агуулга нь өргөн хүрээг хамрах болсон байна. 

2016 оны гуравдугаар сарын 21 гэсэн огноотой албан бичигт “Хэргийг нууцын зэрэглэлээс нэн даруй гаргаж, ил тод байдлыг хангах”, “Хэрэгт Тагнуулын байгууллагын оролцоог хязгаарлах”, “Мөрдөн байцаалтыг холбогдох хууль журмын дагуу явуулах”, “Прокурорын байгууллага үр дүнтэй хяналт тавих”, “Хэргийг илрүүлэх, шийдвэрлэх үйл явцад олон улсын туршлагатай мөрдөгчдийг оролцуулах” зэрэг шаардлага, зөвлөмжийг жагсаасан байна. 

Парламентын гишүүнтэй холбоотой хэргийн шийдвэрлэлт хуулийн дагуу яваагүй тохиолдолд л уг байгууллага албан бичиг шидэхдээ тулдаг гэдгийг дээр өгүүлсэн. Албан ёсны цахим хуудасныхаа хамгийн дээд талд ардчиллын тулгуур болох “Ардчилал хүний эрх, хууль дээр тулгуурладаг.

Ардчилсан улсад хэн ч хуулиас дээгүүр байж болохгүй, хуулийн өмнө бүгд эрх тэгш байна” (Democracy is founded on the primacy of the law and the exercise of human rights. In a democratic State, no one is above the law and all are equal before the law) гэсэн зарчмыг залжээ. 

Олон жилийн түүхтэй, ардчиллын суурь зарчмыг хөдөлбөргүй дагаж мөрддөг, бусад улсуудад ч энэ зарчим дээрээ тулгуурласан шаардлага тавьдаг байгууллагаас удаа дараа шаардлага, зөвлөмж ирнэ гэдэг бол С.Зоригийн агсны амь насыг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлт ардчиллын суурь зарчмын дагуу буюу хуулийн дагуу явахгүй байна гэдгийг л харуулж байгаа хэрэг. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “25 дугаар суваг” телевизэд яг энэ агуулгаар ярилцлага өгсөн байна лээ. 

Тэрбээр “Олон улсын парламентын холбоо 1998 оноос хойш энэ хэргийг хяналтдаа авчихсан, жил болгон тайлан нэхэж байдаг. Сая шийдвэр гарснаас хойш надад гурван удаа бичиг ирлээ. “Та нар яагаад энэ хэргийг хаалттай хийж байгаа юм бэ”, ”Яахаараа энэ хэргийг Тагнуулын байгууллага шалгадаг юм бэ”, “Яахаараа Б.Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод шүүх хуралд оруулдаггүй юм бэ” гэсэн асуудал тавьдаг” гэсэн юм. 

Улс орон ардчилалтай эсэх, өөрөөр хэлбэл ардчиллын суурь зарчмыг хэрэгжүүлж байгаа эсэх нь хувь хүнтэй холбоотой эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэж байгаагаас тод харагддаг. Тэр тусмаа С.Зоригийн хэрэг шиг олон улсын анхааралд орчихсон хэргийн шийдвэрлэлт Монгол Улсын нэр хүндийг өргөж, хууль хэрэгждэг жинхэнэ ардчилсан улс гэдгээ батлан сурталчлах сайхан боломж. 

Эсрэгээрээ ингэж чадахгүй бол Монгол улс ардчилсан улс биш юм байна гэдэг ойлголт өгнө. Тиймээс энэ хэрэгт Олон улсын парламентын холбооны зөвлөмжийг тодорхой хэмжээнд авч ажилласан бол манайхаас гарз гарахгүй, харин ч сурталчилгаа болж өгөх байлаа. Гэхдээ хэрэг шийдэгдсэн гээд Олон улсын парламентын холбоо хэргийг орхино гэсэн үг биш нь мэдээж. 

Парламентын хүний эрхийн хорооны хуралдаан дөрөвдүгээр сарын 3-нд товлогдсон байна.

Олон улсын парламентын холбооны ээлжит 136 дугаар Ассамблей гуравдугаар сарын 29-нд Бангадеш улсын нийслэл Дака хотод нээлтээ хийв. Тус байгууллагын Парламентын хүний эрхийн хорооны хуралдаан дөрөвдүгээр сарын 3-нд товлогдсон байна. Энэ хурлаар С.Зоригийн хэргийг тусгайлан хэлэлцэх нь бараг л тодорхой болж байна. Олон улсын парламентын холбоо хяналтдаа авсан нэг ч хэргээ хайхралгүй орхидоггүй. 

2009 онд болсон 121 дүгээр Ассамблейн үеэр гэхэд л Парламентын хүний эрхийн хороо нь хуралдаж, Беларусь, Колумби, Бирм, Палестин, Эритрей, Израиль гэх мэт 19 орны 238 парламентын гишүүний 289 хэргийг хэлэлцэж байснаас үүнийг харж болно. Эдгээр хэргийн дотор С.Зоригийн хэрэг багтаж байсан бөгөөд тухайн үед УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга байсан Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар хорооны гишүүдтэй тусгайлан уулзаж, мэдээлэл өгч, зөвлөгөө авч байсан түүхтэй. 

Олон улсын парламентын холбоо хяналтдаа авсан хэргийнхээ төлөө ингэж уйгагүй ажилладаг. Энэ удаагийн хурлаар ч С.Зоригийн хэргийг авч хэлэлцэх нь тодорхой. Асууж тодруулах, шаардлага тавих гээд ярих юм урьд өмнөхөөс ч их байх учиртай. Гэтэл манай төлөөлөгчид тэдэнд ямар мэдээлэл өгөх вэ.

Энэ удаагийн чуулганд УИХ-ын дарга М.Энхболд улсаа төлөөлж оролцоно. Өмнө нь мөрдөн байцаалт дуусаагүй гэдгээр халхавчлан жижүүрийн хариулт өгч болдог байв. Энэ удаа бол өөр. Хэрэг шүүхээр шийдэгдчихсэн. Гэтэл манайхан юу гэх вэ. “Төрийн нууцтай холбоотой учраас мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх үү. 

Хүний эрхийн асуудал бол ардчиллын амин сүнс. Эрх нь зөрчигдсөн хүн дэлхийн аль ч улсаас тусламж хүсэх, эрхээ хангуулах эрхтэй байдаг учраас Олон улсын парламентын холбоо зохих төвшинд энэ асуудалд дуу хоолойгоо өргөх эрхтэй. Хэрвээ тэнд “буруу” дуугараад унавал яах вэ. Наанадаж, Монгол Улсын нэр хүнд унана. Цаашилбал, иргэдийн төрд итгэх итгэл бөхнө шүү дээ. 

С.Зоригийн хэрэг шийдэгдсэнтэй холбоотойгоор Дамирангийн Энхбатаас эхлээд хүний эрхтэй холбоотой олон асуудал тэртэй тэргүй босож ирнэ. Д.Энхбат агсны нэр төрийг сэргээж, тооцох ёстой хүмүүстэй нь хариуцлага тооцох нь гарцаагүй. Хууль бусаар олон орны хил дамжуулан маш дуулиан шуугиантайгаар хийгдсэн баривчилгаа шүү дээ.

Гэтэл ингэж хууль бус зүйл хийхдээ бусдыг хэлмэгдүүлж байсан гэдгээ хүлээн зөвшөөрвөл юу болох бол. Монгол Улс үнэхээр нэг хэргийн шийдвэрлэлтээс болоод олон улсад нэр хүндээ алдчих юм биш биз дээ. Олон улсын парламентын холбооны хурлын үеэр юу яригдахыг хүлээж л сууя.

Зураг