Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЦАГ АГААР: Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Ойрын өдрүүдэд өдөртөө нийт нутгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлахыг анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдэд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар 2-4 хоног үргэлжлэн их хэмжээний цас орсон.

Ялангуяа Өмнөговийн Ноён сум, Баянхонгорын Баянхонгор хот орчимд хамгийн их 36-37мм цас орсон байна. Үүний зэрэгцээ Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар 1-2 хоног үргэлжлэн хүчтэй цасан шуурга шуурсан.

Ингэж их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас цасан бүрхүүлийн зузаан цаг уурын ажиглалтын талбайн хэмжилтээр 30-40см-ээр, хонхор хотгор газраараа 80-100см-ээр нэмэгдсэн байна.

Ойрын өдрүүдэд өдөртөө нийт нутгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

2017 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 1-нд зүүн зүгийн нутгийн хойд, 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 31,2-нд Алтайн салбар уулсаар, 1-нд төв, зүүн, говийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13  градус дулаан байна.