Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөлжилт хүндэрсэн сумдын хүүхэд, жирэмсэн эхчүүдэд тусламж өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Хүүхдийн Сангаас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын хүүхэд болон хөхүүл, жирэмсэн эхчүүдэд хүргэх тусламжийг Эрүүл Мэндийн Яаманд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн мэдээллээр манай улсын нийт 17 аймгийн 158 суманд өвөлжилт хүндэрсэн байна. Эдгээр суманд амьдарч байгаа хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай хоол тэжээл, амин дэмийн тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас тусламж болгон өгч байгаа аж.

Монгол дахь  НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес: НҮБ-ын Хүүхдийн Сангийн хувьд онцгой байдлын үед нэн тэргүүнд бага насны хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, тэднийг эндэх, хоол тэжээлийн дуталд орохоос урьдчилан сэргийлэхийг зорьдог. Бидний хийсэн судалгаагаар 5 хүртэлх насны 26,116 хүүхэд, 15,800 жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хоол тэжээлийн дуталд орох эрсдэлд байгааг тогтоосон. Тиймээс тэдгээр хүүхэд, эхчүүдэд Канадын хандивлагчдаас санхүүжүүлж буй хоол тэжээлийн багц тусламжийг хүргүүлж байгаа юм” гэв.

Өвөлжилт хүндэрсэн дээрх 158 сумын 26,116 хүүхэд (200 хүртэл бог малтай өрхийн 60 хүртэл сартай хүүхэд), 15,800 хөхүүл болон жирэмсэн  эмэгтэй, сумын эрүүл мэндийн төвд доорх нэрийн тусламжийг үзүүллээ. Үүнд:

  • Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл /хүүхэд, ээжүүдэд/
  • А аминдэм
  • Тураалын эмчилгээний сүү
  • Бугалганы тойрог хэмжигч /хүүхэд, насанд хүрэгчид/
  • Сургалтын зардал, шатахууны зардал
  • Жин хэмжигч
  • Нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх багц.

Тусламжийн хүрээнд

  • 6-59 хүртэл сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл түгээх
  • 5 хүртэлх насны хүүхдийн эцэг, эх, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд хоол тэжээлийн зөвлөгөө (нялх, бага насны хүүхдийн хооллолт, асаргааны чиглэлээр) өгөх
  • 14 хоногоос 1 сарын хугацаанд гэрийн эргэлт хийж, хэрэглээг хянах
  • Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлийн хурц дутлыг илрүүлж, эмчилнэ.

Тусламжийн нийт санхүүжилт 339,000 ам.доллар буюу 828.1 сая төгрөг бөгөөд бараа материалыг Улаанбаатар хотоос Эрүүл мэндийн яам, Монгол Эм Импекс концерн хамтран дээрх сумдад хүргэх ажлыг удирдан, зохион байгуулна.

Тусламжид хамрагдах иргэдийн нэрсийг эрүүл мэндийн газрууд орон нутгийн засаг захиргаатай хамтран урьдчилсан байдлаар гаргажээ.