Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хоёр их гүрний удирдагчдын уулзалтыг жижигхэн хотын цагдаа түрүүлж зарлав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Флоридад айлчилж, АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамптай уулзана. Энэ чухал уулзалтын товыг Цагаан ордон ч биш, Бээжин ч биш, харин Флорида мужийн 11,000 хүн амтай Лантана хотын цагдаагийн дарга Шон Шеллер түрүүлж зарлалаа.

Ши Жиньпин ирэх сарын 6-7-ны өдрүүдэд Мар-А-Лаго дахь өргөөнд Трамптай уулзах гэнэ. Шон Шеллер айлчлалын бэлтгэлийг хангах зорилгоор Лантана хотын автомашины зогсоолуудын 80 хувийг хаах хүсэлтийг хотын захиргаанд хүргүүлсэн тухай орон нутгийн хэвлэлд ярихдаа ийнхүү дээд хэмжээний уулзалтын товыг зарлаж орхисон байна.

Хятад-Америкийн дээд хэмжээний уулзалтууд уг нь дээд зэргийн зохион байгуулалттай болж, дипломат протоколыг чанд сахидаг уламжлалтай. Уламжлал ёсоор Вашингтон, Бээжин хоёр удирдагч нарынхаа уулзалтыг зэрэг зарладаг нь харилцан бие биеэ ижил түвшинд хүндэлж байгаагаа харуулах хэлбэр юм.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Барак Обама Ши Жиньпинийг 2013 онд Калифорнийн эдлэн газарт хүлээж авч уулзан, албан бус, нөхөрсөг уур амьсгал үүсгэхийг оролдсон ч төдийлөн амжилттай болоогүй, хүйтэн харилцаа хэвээр үлдсэн байна.

Харин энэ удаа сонгуулийнхаа ажиллагааны туршид Хятадыг Америкийн бэрхшээлийн гол эзнээр тодруулж байсан Трамп Ши Жиньпинтэй нааштай харилцаа үүсгэж чадах эсэх нь бүр эргэлзээтэй байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz