Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар Ерөнхийлөгч болох зүүднээсээ сэрээгүй хэвээр

Н.Эрдэнэ, Өглөөний сонин
2017 оны 3 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын улс төрд элдэв янзын үг үйлдлээрээ танигдсан олон “хувилгаан багш"-ийн нэг нь С.Ганбаатар. Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн гэж баахан манаргаж олонд танигдсан гэж олон хүмүүс түүнийг хардаг боловч уул шугамдаа төрийн гурван өндөрлөгийг ээлж дараалан хашаад эцэст нь авлигын загалмайлсан эцэг гэгдэн ял эдэлсэн Н.Энхбаяр л хөтөлж улс төрд оруулсан юм.

Н.Энхбаяр өөрийн гараар “хувилгаан, дүвчин”-гээр тодруулж, сэмээрхэн араас нь түлхсэн шатрын хүү эцэст нь бие даан нэр дэвшээд УИХ-ын гишүүн болж чадсан ч Хөдөлмөрийн Үндэсний намд даргаар очоод өөрийнхөө ч, шинээр байгуулагдсан намынхаа ч тарыг таниулж орхисон.

Энэ зун болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй гэдгээ бусдаас түрүүнд зарласан ч эцсийн дүндээ ХҮН бүү хэл улстөрчдийг рейтингээрээ тэргүүлж яваа гэгдэж байсан өөрөө ч УИХ-д ганц суудал авч чадаагүй.

Ингээд их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэрээр бусдаас түрүүнд нэр дэвшихээ зарлаж амжсан С.Ганбаатар Ерөнхийлөгчид нэр дэвших боломж нь хаагдсан ч мөрөөдлөөсөө салж чадахгүй байгаа бололтой. Учир нь экс гишүүнийг МАХН-аас нэр дэвшиж магадгүй гэсэн мессеж сүүлийн үед тархаж О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын зүгээс энэ мэдээлэлд няцаалт өгөөд байгаа.

Тэгвэл энэ талаар С.Ганбаатар нэгэн вэбсайтад ярилцлага өгөхдөө “Магадгүй жирийн ард иргэдийн хүсэл, хүндэтгэл байхыг үгүйсгэхгүй. Гарч байгаа мэдээлэлтэй холбогдуулаад МАХН-ын удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан байгаа. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээч гэдэг санал тавьсан тохиолдолд би МАХН-ын байр суурийг хүндэтгэнэ. Нэг сайхан нартай өдөр би Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж боддог.

76 гишүүнтэй тэмцдэг нэг албан тушаал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажил. Монголоо аварна. Надад тийм боломж олдоно. Ийм их тэмцэл дундуур тэмцэж боллоо, дараа үе гарч ирж тэмцэнэ биз дээ гэж хэлэх юм бол над шиг 13 жил тэмцээд, туршлагажаад хатуужчихсан хүнээс өөр хүн гарч ирнэ гэхэд их зовно доо. Боломжгүй болов уу гэж айдаг. Нөгөө тал чинь маш их мэргэшчихсэн.

Намайг гөвөх тоос байхгүй болчихлоо. Гэхдээ эд нар нэг юм зохионо л доо. Залуу үеийг зөв, улс хөрийн хүчтэй лидер болгож мэргэшүүлж, сургах нь миний үүрэг. Энэ миний хоёр дахь ажил. Монголын залуучуудын шинэ улс төрчдийн хүрээлэн байгуулахаар ажиллаж байгаа” хэмээн ярьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг тэрбээр тэмцэгчийн ажил гэж ойлгодог ажээ. Мөн хоёр дахь ажлаа залуу улстөрчидтэй ажиллах явдал гэж тодорхойлжээ. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг л дээ. Гэхдээ сонгогч олны ой санамж сүрхий. Олон түмний зүгээс гайгүй үнэлэлт, дүгнэлт авчихаад байсан ХҮН С.Ганбаатарыг даргаар нь очсоноос хойш юу болж хувиран, эцэст нь ямар байдалд хүрснийг хүмүүс мартаагүй нь лав.

Одоо тэрбээр мөрөөдөлдөө хүрэхийн тулд эртний түнш Н.Энхбаярынхаа хөлд суух хэрэгтэй байгаагаа сэтгүүлчид нуулгүй ярьсан байна. “МАХН-аас олон хүчтэй лидер байна. Н.Энхбаяр дарга нэр дэвших байх. Н.Энхбаяр гуайг нэр дэвшүүлэхгүй хуулийн зүйл заалт яриад байвал Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж, Л.Эрдэнэчулуун гуай байна.

“Олон хүчтэй хүн байгаа” гэсэн нь Намбарван нэр дэвшихгүй бол би байгаа шүү гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа биз. Өөрөөр хэлбэл, МАХН-ын дарга нэр дэвшихгүй л юм бол тэндээс Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж, Л.Эрдэнэчулуун нарын сулхан өрсөлдөгчдийн нэрийг зориудаар дурдаж өөрийгөө сануулж байгаа нь энэ бололтой.

Гайгүй нэр хүндтэй болоод байсан ХҮН-ыг шороонд хутгачихаад өөрөө , ч өнгөрсөн сонгуулиар шаварт ойчсон хэр нь Монгол Улсын төрийн тэргүүн болох сайхан зүүднээсээ тэрбээр одоог хүртэл сэрээгүй ажээ.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.