Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп $375 тэрбумын нэхэмжлэх Меркельд өгч гайхшруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн хоногийн өмнө Германы канцлерь Ангела Меркельтэй уулзахдаа $375 тэрбумын нэхэмжлэх хэвлэж өгөн “янзыг нь үзсэн” тухай Германы засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Тэрээр Герман улсын НАТО-ийн гишүүний хувиар төлөх ёстой байсан батлан хамгаалах зардлын дүнг зөвлөхүүдээрээ тооцоолуулж гаргасан нь энэ гэнэ. Вашингтонд хоёр удирдагчийн хаалттай уулзалтын үеэр Трамп ийм алхам хийснийг Германы болон НАТО-ийн албаныхан баталж, мөн шүүмжилсэн байна.

2014 онд НАТО-ийн гишүүн орнууд ДНБ-ийнхээ 2 хувийг эвслийн зардлыг хуваалцахад зориулж гаргахаар тохиролцсон ба харин өнөөдөр зөвхөн Их Британи, Грек, Польш, Эстони гэсэн орнууд ийм хэмжээгээр төлж байгаа аж. Тиймээс НАТО дахь өөрийн оролцоог хэт өндөр байгааг эсэргүүцэж, бусад орнуудыг зардлаа тэгш хэмжээгээр хуваалцахыг шаарддаг Дональд Трамп өнгөрсөн 12 жилийн хугацаанд Германы дутуу төлсөн зардлыг ийм аргаар Меркельд мэдэгдэж, шахалт үзүүлсэн байна.

Тэрээр зөвхөн дутуу төлсөн дүнг тооцоод зогсохгүй, түүн дээрээ хүү нэмж бодсон гэнэ. Нэхсэн дүнгийн $310 тэрбум орчим нь үндсэн дүн, үлдсэн хэсэг нь хүү байсан ажээ.

Германы засгийн газрын сайд Трампын энэ алхмыг “доромжилсон явдал” гэж Time сэтгүүлд ярьжээ. Нэрээ хэлэхийг хүсээгүй сайд “Энэхүү үйлдэл нь нөгөө талаа дарамтлах гэсэн зорилготой нь ойлгомжтой. Харин канцлерь энэ үед тайван байж, өдөөн хатгалганд автаагүй өнгөрсөн” гэж хэлсэн байна.

Энэ сарын эхээр болсон АНУ-Германы төрийн тэргүүнүүдийн анхны уулзалт тийм ч найрсаг болоогүй нь Трамп Меркелийн гар барих хүсэлтийг хүлээж аваагүйгээс харагдаж байгаа юм.

Уулзалтын маргааш нь Дональд Трамп твиттер хуудсандаа бичихдээ “Та бүхэн хуурамч мэдээллүүдээс юу олж сонссоноос үл хамааран миний бие канцлерь Ангела Меркельтэй онцгой чухал уулзалт хийлээ” гээд “Гэсэн хэдий ч Германд үзүүлж буй өндөр зардалтай батлан хамгаалах үйлчилгээний төлөө тэд НАТО болон АНУ-д илүү ихийг төлөх ёстой” гэсэн юм.

Энэ мэдэгдлийн хариуд Германы батлан хамгаалахын сайд Урсула Вон дер Лэйен хэлэхдээ “Бидэнд НАТО-д төлөх ямар ч өр байхгүй. Бид НАТО-оос гадна НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, Европын батлан хамгаалах үйлс, терроризмтай тэмцэх ажиллагаанд зардал гаргадгийг санах хэрэгтэй” гэжээ.

Обамагийн үед НАТО-д суух АНУ-ын төлөөлөгч байсан Айво Далдер мөн Трампын мэдэгдэлд хариу бичихдээ “Уучлаарай ноён ерөнхийлөгчөө! НАТО ингэж ажилладаггүй юм. АНУ өөрөө НАТО-ийн зардлаас хэр хэмжээтэйг хуваалцахаа шийдэх ёстой. Энэ бол санхүүгийн тооцоо биш, харин гишүүдийн амлалтыг илэрхийлэх дүн юм” гэжээ.

Дональд Трамп өөрийн орныг НАТО-д бусдаас илүүг төлж байгааг, Герман зэрэг гишүүн орнууд бага төлж байгааг байнга шүүмжилсээр ирсэн юм.

 

Эх сурвалж: Independent