Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Дүүриймаа”-чдад хариуцлага тооцооч

Ж.Отгонмягмар
2017 оны 3 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

“Цаана чинь, дарга нар ирж байна шүү. Ширээнийхээ бүтээлгийг солиорой, шинэ халадаа өмсөөрэй” гэдэг шиг л хаа сайгүй хотоос ирж буй дарга нарт зориулан тусгайлан нэг “Дүүриймаа” бэлтгэн, бүлтэртэл гангалдаг уламжлал тогтоод удаж буй. Улмаар өнөөх ганган угтагч бүсгүйчүүд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин эрхэм дарга нарт хүндэтгэл үзүүлэн ёслол төгөлдөр угтдаг байдал аль ч Засгийн газрын үед байсаар ирсэн түүхтэй.

Угтаа бол хотоос ирсэн дарга нарт хөл алдан гүйхэд жилдээ хэчнээн төгрөг зарцуулагдаж байгааг хэлж мэдэхгүй юм. Тиймээс ч энэ сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү үйл ажиллагааг хориглосон. Өөрөөр хэлбэл, улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх ажиллагаа зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг ч болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтоод байгаа. Мэдээж улс орны эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед орон нутгийн удирдлагууд угталт, үдэлт хийх гэж хамаг байдгаа барахгүй байна гэдэг сайн хэрэг.

Тиймээс ч Ерөнхий сайдын уг шийдвэр тун ч цаг үеэ, нүдээ олсон шийдвэр байлаа хэмээн дээр, дооргүй л магтан, талархан хүлээн авсан. Тэгвэл намрын чуулган завсарлаж гишүүд хөдөө, орон нутагт явж, тойрогтоо ид ажиллаж байгаа. Мөн Ерөнхий сайд ч эдгээр өдрүүдэд хөдөө, орон нутагт ажиллаж буй.

Гэтэл нөгөө “илжиг модон хударгандаа дуртай” гэдэг шиг өнөөх аймаг, сумдын удирдлагууд “Дүүриймаа” ажиллагаагаа орхигдуулж чадахгүй л байна. Тодруулбал, энэ сарын 22-ноос Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баруун аймгуудад ажиллаж эхэлсэн. Түүний хөдөө, орон нутагт ажиллах томилолт Баян-Өлгий аймгаас эхлэх байсан. Гэтэл энэ үеэр Баян-Өлгий аймагт их хэмжээний цас орж, цаг агаар тогтворгүй болсон. Улмаар цаг агаарын байдлаас болоод онгоц газардах боломжгүй болсон учир чиглэлээ өөрчилж, Ховд аймагт газардсан юм.

Гэтэл Баян-Өлгий аймгийнхан өнөөх сурсан зангаараа “Дүүриймаа”- дах ажиллагаагаа “төгс” хийхээр бэлтгэлээ базаачихсан байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг угтаж авахаар Баян- Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1,000 гаруй сурагч нимгэн хувцастай нойтон цасан дунд дөрвөн цаг гаруй хүлээсэн юм байх.

Энэ талаар өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал ертөнцөөр ёстой нэг шуугьж өглөө. Цасан дунд нимгэн хувцастай “Дүүриймаа”-дах ажилд дайчлагдсан гэх хүүхдүүдийн зургийг элдэв тайлбартайгаар одоо хэр нь оруулсаар л байна. Гэтэл аймгийн удирдлагуудад ингэж “хөл алдах” хэрэггүй гэдэг үүргийг Ерөнхий сайд маань аль эрт өгчихсөн шүү дээ.

Засгийн газраас хөдөө, орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг эрс хориглочихоод байхад л “Дүүриймаа”-даад байгаа хүмүүсийг ер нь яах ёстой юм бэ. Ерөнхий сайд нэгэнт албан тушаалтныг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгочихсон юм чинь одоо өгсөн үүрэг даалгаврыг чинь биелүүлэхгүй байгаа тэр нөхдүүдэд хариуцлага тооцвол яасан юм.

Тэгж л их мөнгө нь илүүдээд байгаа бол тэр мөнгөө ядарсан иргэддээ, өнчин хүүхдүүдэд өгчих. Тэр нь нэрэнд чинь цэвэр, тэгээд ч буян болно шүү дээ.

Зураг