Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад QR кодын луйвар газар авчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед бизнесийн байгууллагууд өөрийн интернэт мэдээллийг түгээхдээ QR (Quick Response code) кодыг өргөнөөр ашиглах болсон.

Цагаан дэвсгэр дээр дүрслэгдсэн хар хээтэй дөрвөлжин хайрцагт ямар мэдээлэл нуугдаж байгааг гар утсаараа шалгахаас нааш мэдэх боломжгүй.

Тэгвэл Хятадад ийм кодыг ашиглан хэрэглэгчийн мобайл данснаас хулгай хийх хэрэг гарах болсон байна.

Гудамж, талбай, үзвэр үйлчилгээний газарт байрлах ямар нэг QR кодыг сониучирхан уншуулбал гар утсанд нэвтрэх вирусны холбоос байх магадлал нэмэгдсэн гэсэн үг юм.

Гуаньдун мужид саяхан QR код ашиглан 90 сая юань ($13 сая) хулгайлсан хэрэг гарсан байна. Мөн энэ мужийн Фошань хотод цагдаа нар 900,000 юань ийм аргаар бусдаас луйвардсан хэрэгт сэжиглэн нэг хүнийг баривчилжээ.

Сэжигтэн ердийн бизнесийн байгууллагын байрлуулсан QR кодны оронд өөрийн вирусны холбоос бүхий кодыг сольж байрлуулсан байна. Ингэж тэр хүмүүсийн хувийн мэдээллийг хулгайлж байжээ.

Сүүлийн үед Хятадад өргөн дэлгэрэх болсон унадаг дугуйны түрээсийн үйлчилгээг гэмт этгээдүүд чадмаг ашиглах болсон гэнэ. Нийтийн зогсоолоос унадаг дугуй авахдаа QR код уншуулан төлбөрөө төлдөг. Энэхүү QR кодыг хуурамч кодоор сольж тавьснаас олон хүн төлбөрөө буруу данс руу шилжүүлж алдах болжээ.

QR кодыг 1994 онд Дэнсо Вэйв хэмээх Японы хамгийн том автомашины эд анги үйлдвэрлэгч зохион бүтээсэн юм. Тэд үүнийг угсрах үйл ажиллагаагаа хурдан болгох гэж ашиглаж байжээ.

Эндээс эхэлж тарсан QR код өнөөдөр бүх салбарт ашиглагдаж байна. Гэвч QR кодыг хүн гаднаас нь хараад хортой, хоргүйг нь ялгаж чадахгүй сул талтай.

Үүнийг нь гэмт этгээдүүд чадмаг ашиглаж эхэлсэн нь энэ юм.

Саяхан Хятадын эрх баригчид QR кодыг цэгцлэх, зохицуулах хэрэгтэй байгааг хэлэлцсэн байна. Мэргэжилтний хэлж байгаагаар нийт тархаж байгаа аюултай програм хангамжийн 23 хувь нь QR кодоор дамжих болжээ.

Алибаба группын Alipay мобайл төлбөрийн үйлчилгээ програмдаа QR кодыг өөрийн код мөн эсэхийг шалгах технологи нэвтрүүлж эхэлсэн байна.

Бусад компаниуд ч ийм арга замыг судалж эхэлсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post