Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Газар хайсан иргэд амиараа “дэнчин” тавьж байна

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 3 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Өнөөдөр Мягмар гараг /Өчигдөр/. Энэ өдөр ажлын өдөр хэдий ч Баянзүрх дүүргийн X хорооны иргэд гудамжиндаа хүрз, дэрсэн шүүр барин тун завгүй ажиллах аж. Учир нь тус хорооны нутаг дэвсгэрт оршин суух айл өрхүүд булгийн эхэнд шороо асган суурьшсанаас болж хөрсний ус шахагдан халиа үүсч хашаа хороо, гэр орон тэр бүү хэл байшин, автомашины орой цухуйх төдий их хэмжээний усанд автаж, ойр орчимд нь амьдардаг иргэдэд аюултай байдал үүссэн билээ.
 
Тухайн үед нийслэл, дүүргийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан болж булгийн халиа, дошин бүхий гамшгийн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авах үүрэг өгснөөр НОБГ-аас усыг соруулж суурьшлын бус бүсэд асгах, оршин суугчдыг аврах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байв.
 
Гэсэн хэдий ч урин дулаан цаг ойртохтой зэрэгцээд их хэмжээний хөлдсөн ус хайлж, ойр орчмын айлууд үерт автаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа нь энэ аж. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аараа Баянзүрх дүүргийн Х хороо буюу “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт оршин суух айл өрхүүдийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.


Мөсөөр хүрээлэгдсэн монгол гэрт амьдрал үргэлжилж байна

Бидний хэлж заншсанаар Ботаникийн автобусны буудлаас хоёр орчим км зайд булгийн усанд автсан хэсэг айлууд байрлана. Тус автобусны буудлаас хөдлөөд км хүрэхгүй зайнаас эхлээд булгаас урссан ус энд тэнд тогтож хөлдсөн харагдав. Энд нөхцөл байдал гайгүй хэдий ч гудамжинд бороо орсон мэт шалбааг  тогтсон нь урин дулаан цаг, түүнийг дагаад багагүй аюул ойртож буйг илтгэнэ. Харин булгийн эхэнд суурьшсан айлууд руу ойртох тусам нөхцөл байдал улам хүндэрч байлаа. Бид нарийхан ухсан шуудууг дагаж явсаар нэгэн худгийн хажууд ирсэн ч сууж явсан машин маань цааш явах боломжгүй болсон юм.

Машинаас буун хартал баруун талын хашааг дагуулан ухсан шуудуугаар мөстэй булингартсан ус урсах бөгөөд хэсэг хүмүүс мөсийг хүрзээр доош гүйлгэн урсгана. Тэдний дунд иргэд төдийгүй Геодези усны барилга байгууламжийн газрын ажилчид ч байв. Шуудуу даган урсах ус хүний хөлийн эрээн булчинг даван цалгилж харагдав. Мөстэй хүйтэн усан дотор усны гуталтай хэдэн цаг зогсож, ард иргэдийн аюулгүй байдлын төлөө ажиллах Геодези усны барилга байгууламжийн газрын ажилчдыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Ингээд манай сурвалжлах хэсэг машинтай явах боломжгүй болсон учраас хөлдсөн мөсөнд дарагдсан гудамжаар цааш алхлаа. Гудамжинд тогтож хөлдсөн ус захаасаа хайлмагтаж эхэлсэн ч монгол гэрийг тойроод зузаан мөсөн бүрхүүл үүссэн нь хашааны завсраар нүдэнд илхэн харагдана.

Хоосон хүн амьдардаггүй монгол гэр бол яая гэх вэ. Гэвч мөсөөр хүрээлэгдсэн монгол гэрт амьдрал үргэлжилж байгаа нь яндангаар суунаглан гарах утаанаас нь илхэн. Тэр гэрт өглөө, өдөр цэцэрлэг, сургуульдаа явах бяцхан багачууд өсөн торниж буй. Мөн нэгэн айлын хашааны үүдэнд хүн авчраад тавьчихсан юм шиг явган сандалны хэмжээтэй мөс байх  юм. Мөсөн дээр гишгэн хашаан доторх байдлыг ажиглавал мөн адил хашааны тэн хагас нь усанд автаж, хөлдсөн харагдав. Тэр чигтээ мөсөн коток болсон энэ хэсэгхэн газрын мөс эхнээсээ хайлж, голын ус хоржигнож буй мэт дуу чимээ чихэнд дэлсэнэ.

Энэ чимээг анх сонссон хүмүүст хэзээ мөдгүй их ус нүргэлэн орж ирэх гэж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрөхөөр. Энд бид Геодези усны барилга байгууламжийн газрын инженер, техникийн ажилтан Д.Гөлөгдэмбэрэлтэй ярилцсан юм. Түүний хэлсэнчлэн Геодези усны барилга байгууламжийн газар энэ сарын 20-нд Нийслэлийн онцгой байдлын газраас энэхүү ажлыг хүлээн авсан гэнэ. Тэрбээр “Манай байгууллага өчигдөр энэ ажлыг шилжүүлэн авсан. Өвөл булгийн ус халих үед шороон далан барьж, ойр орчмын айлууд руу ус орохоос сэргийлсэн юм. Одоогийн байдлаар бид шороон даланд тогтсон мөсийг зөөж, гол руу хаях арга хэмжээг авч байна. Инженер, техникийн ажилчин гээд нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.

Машин механизмын хувьд нэг том экскаватор, таван ачааны машинтайгаар өвөл хуралдаж, хөлдсөн мөсийг зөөж зайлуулан шар ус хүлээж авах бэлтгэл ажлыг хийж байна. Нэг зүйлийг хэлэхэд, иргэд зарим зүйл дээр буруу ойлголттой байна. Айлын доороос ус олгойдож гарч ирсэн гэж яриад байх юм. Энэ чинь цаанаас орж ирсэн голын голдрилыг хааснаас болсон. Өөрөөр хэлбэл, байгалийн өөрийнх нь тогтцыг өөрчилж шороо асган бууж, иргэд өөрсдөдөө аюул үүсгэсэнтэй холбоотой. Хөлдсөн мөсөн доогуур ус урсаж байгаа шүү дээ. Тэр ус аль дулаан газраас өөрөө гарч ирдэг. Түүнээс л болсон. Гэтэл энд суурьшсан иргэд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гээд бие бие рүүгээ буруугаа чихдэг.

Ерөөсөө л булгийн эхэнд шороо асгаж буусантай холбоотой” гэв. Хэрэг болсноос хойш холбогдох байгууллагаас шороон далан ухаж, усны урсцыг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн рүү чиглүүлсэн хэдий ч  зарим иргэд өөрсдийн амин хувиа бодож ухсан шуудуун дээр шороо асгаж, голд нь тасалдуулсан гэнэ. Түүнээс болж усны урсац зогсож, их хэмжээний ус тогтох нэг шалтгаан болжээ. Ийнхүү ярилцсаны дараа бид анх булгийн ус ундран гарсан айлын хашааг зорин алхлаа.

Улаанбаатарт амьдрал байвч газар алга

Цааш алхах тусам ямар нэгэн өрөмдлөгийн машины чимээ тодорч, хажуугаар том том мөс ачсан ачааны машин дайвалзан өнгөрнө. Энэ нь булгийн ус гарч ирсэн айлын хашаа ойртож буйн илрэл аж. Бид машин багтахуйц хэмжээтэй гудамжаар баруун зүүн эргэн сүлжин явсаар мөс ачиж буй экскаватор машины араас яваад орчихлоо. Экскаваторын урдхан талд өндөр шороон далан босгосон харагдах бөгөөд хойд талд нь цэлийсэн мөсөн дунд хэвлэл мэдээллийн хэрэгслээр  нэг хэсэг гарсан байшин, хоёр машин мөнөөх л хэвээрээ дүнсийн харагдав. Байшингийнх нь цонхнууд хагарч, хашааны банзнаас 50 см гаруй нь л энд айл амьдарч байсан гэдгийг илтгэн цухуйна.

Түүнээс доош бүгд усанд автаж, хөлджээ. Булгийн устай барьцалдаж хөлдсөн байшин, машинаас цааш хөлдсөн ус цэлийн харагдана. Нэг үгээр хэлбэл, том нууран дунд айлууд ороод барьцалдаад хөлдчихсөн юм шиг байх аж. Харин том шороон далангийн урд талд байрлах хашаан дотор амьдрал хэвийн үргэлжилж, гэрийн эзэд нь хашаандаа амар амгалан юм хийж байв. Тэд нэг л өдөр огцом дулаарвал түрэн орж ирэх их усанд хамгийн түрүүнд өртөх боловч тэгж бодож байгаа ч юм алга.

Биднийг булгийн усанд автсан айлын хажууд зогсож байх хооронд мөс ачсан хоёр том ачааны машин ойролцоох голыг зорин одов. Экскаваторын том шанага хатуу мөсийг зовох юмгүй цөмлөн, хэдэн хэсэг бутлан машинд ачиж байгааг харвал ойрын хэдэн өдөртөө багтаад энэ хавийн мөсийг цэвэрлэчихээр санагдав. Энд манай сурвалжлах хэсэг оршин суугчидтай уулзаж, ярилцсан. Бидэнтэй хамгийн түрүүнд уулзсан хүн бол тус хэсэгт 20 орчим жил амьдарсан гэх н.Сумъяабазар гуай юм.

Тэрбээр “Манайх энд амьдраад олон жил болж байна. Өмнө нь энэ газар битүү зүлэг, ногоо, цэцэгтэй байсан. Урьд жилүүдэд ийм зүйл огт болдоггүй байлаа. Миний бодлоор баруун, зүүн талаар хоёр шуудуу гаргаж, дээд булгийн усаар Ботаникийн цэцэрлэгийг усалдаг юм. Шуудуугаар нь жараахайтай цэнгэг ус урсдаг. Гэхдээ Амгалан дулааны станцыг барихдаа баруун талын шуудууг нь хаачихсан юм билээ. Түүнээс болж урсац нь хаагдаж, энэ хавь руу ус оргилон гарч ирсэн. Манай энэ хавиар бас зөвшөөрөлгүй айлууд ирж, шороо асган буусан. Түүнээс л боллоо. Бидний амьдрал хэцүү байна шүү дээ.

Хөдөө, орон нутгаас ирсэн хүмүүс хотод суурьших гээд л хаа таарсан газраа буучихдаг. Зарим айлууд нь газрын зөвшөөрөлтэй. Бид нэгэнт энд суурьшаад олон жил болчихлоо. Одоо эндээс нүүхэд хэцүү байна. Нүүгээд хаашаа ч очих юм билээ. Нийслэлээс хүн ирээд биднийг гурав хоногийн дотор хурдан нүү гэсэн бичиг өгсөн. Би нүүхгүй ээ. Хаашаа нүүх юм, өвлийн хүйтэнд. Төрийн албаны хүн гэхэд их дээрэлхүү зантай хүмүүс ирээд явсан” хэмээн бидэнд хуучлав. Одоогийн байдлаар тус хэсэгт дүүргийн Засаг даргын зөвшөөрөлтэй 45 айл, зөвшөөрөлгүй 30 гаруй айл байдаг гэнэ. Уг нь Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас энэ хэсэгт ногоон байгууламж барихаар төлөвлөсөн хэдий ч айлууд нь газраа чөлөөлж өгөөгүй эдүгээг хүрчээ. Бидэнтэй таарсан дараагийн оршин суугч бол В.Эрдэнэпүрэв. Тэрбээр “Манайх газрын зөвшөөрөлтэй. Өмнө нь ийм зүйл огт болдоггүй байсан. Энэ жил л ийм болчихлоо. Энэ айл шороо асгаснаас болж ус гарч, хойноос ус урсаж орж ирээд байна.

Энэ айлууд бүгд зөвшөөрөлгүй. Манайх энд 10 гаруй жил амьдарлаа. Зөвшөөрлөө дүүргээс авч байсан. Саяхан Онцгой байдлын газраас ирж далан тавьсан болохоор хавар гайгүй байх гэж бодож байгаа” гэв. Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчдын босгосон даланд итгэж суугаа энэ 30 орчим насны залуугийн гэр анх булгийн ус ундран гарч ирсэн хашааны зүүн хойхно байрладаг. Түүний хашаанд мөн л гараар цохих боломжгүй зузаан мөс хуралджээ. Энэ мэтчилэн Баянзүрх дүүргийн X хорооны Амгалан дулааны станцын зүүн хойно байрлах хэсгийн иргэд газрын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хэмээн хоорондоо зөрчилдөн хуваагдчихаад байгаа аж. Энэ бол нийслэлийг зорин ирэх иргэдэд газар олдоггүйн нэгээхэн жишээ.

Түүнээс болж иргэд өөрийн амь биеийг ч хайхралгүй хүссэн газраа бууж байна. Гэрэлтэй, цахилгаантай, ажилтай хот хүрээ газрыг зорин ирэгсдийн цуваа жилд дунджаар 15-30 мянгаар тоологддог байна. Түүнээс одоогийн байдлаар Улаанбаатар хотод үерийн аюултай бүсэд амьдардаг 2,500 гаруй өрх байдаг аж. Тэдний хэлдэг ганцхан шалтгаан нь “газар олдохгүй байна” гэх үг. Гэхдээ газар олдохгүй байна гэх шалтгаанаар өөрийн болон аав, ээж, үр хүүхдийнхээ амийг дэнчинд тавин байж зөвшөөрөлгүй, аюултай газар буух хэрэг юун. 

Булгийн устай “үзэлцэж” буй иргэд өөрсдөө мөнгө гаргаж, шуудуу ухуулжээ

Өнөөдөр шинэ долоо хоногийн хоёр дахь өдөр. Өглөөний 10:30 цаг өнгөрч байгаа хэдий ч Баянзүрх дүүргийн X хорооныхон хөгшин залуугүй ажиллаж байна. Тэдний хүрзтэй нь хүрзээ, шүүртэй нь шүүрээ, хутгууртай нь хутгуураа барин дээрээс урсан ирэх усыг шүүрдэж, хутгуурдаж, хүрздэн зайлуулж байлаа. Зарим хэсэгт нь хүн явахын аргагүй мөс тогтож, зарим нь хайлснаас болж цөмөрнө. Сургуулийн багачууд үүгээр явахад тун аюултай юм. Хажуугаар нь машин өнгөрөхөд дэгдэж, дэрвэсэн багачууд хальтираад машин руу орохгүй гэх баталгаа алга. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш энэ хавийн оршин суугчид болон холбогдох албаныхан булгийн устай “үзэлцэж” байгаа юм байна. Аргаа барсан оршин суугчид өөрсдөө мөнгө гарган шуудуу ухуулжээ. 

Энэ талаар тус хорооны иргэн Д.Нармандах “Өмнө нь С.Жавхлан гишүүн бидэнд тусалсан. Гэтэл С.Жавхлан гишүүнийг УИХ-аас буулгана гээд намчирхсан. Сүүлдээ гишүүн утсаа сольчихоод бидэнд олдохгүй байна. Бидэнд тусалдаг ганц хүн маань тэр хүн. Тавдугаар цахилгаан станцаа аврах гээд байгаа юм уу. Бид эрүүл тэгш газар буусан. Бид хохирч байна. Ганцхан Амгалан дулааны станцын ар талыг нь янзлаад байх юм. Машинтай ч явж болохгүй. Машинаа айлын хашаанд мөнгө өгөөд тавиулах нь холгүй л амьдарч байна. Дахиад жаахан дулаарвал ийшээ алхахад хэцүү болох нь. Шийдэлд хүрч байгаа юм уу. Онцгой байдал дуудаад ирэхгүй. 10-20 удаа дуудуулж ирдэг. Бид аргаа барсандаа мөнгө нийлүүлж, шуудуу ухууллаа.

Эхлээд айл бүр тусдаа арга хэмжээ авсан. Би л гэхэд 80 мянган төгрөгөөр 3-4 портер шороо асгуулсан нэмэр алга. Тэгэхээр нь энэ хавийн айлынхаа айлуудаас 10, 10 мянган төгрөг цуглуулаад ийм шуудуу гаргуулсан. Өвөл бүр машин тэрэг суугаад аймаар юм болсон. Мөнгөгүй хүмүүс чинь хэцүү юм байна. Шадар сайд ирэхдээ биднийг нүүлгэнэ гэж байна билээ. Гэтэл бид эрүүл тэгш, зөвшөөрөлтэй газар авсан. Би бол худалдаж авсан. Газрын бичиг бүх юмаа авсан.

Сая хогны машин явахгүй гэж байна. Бид явж байхад та нар явахгүй яадаг юм гэж байгаад хогоо ачууллаа. Ийм болсон гээд хог хүртэл ачихгүй өнгөрчих санаатай” хэмээв. Мөн тус хорооны оршин суугчид болох хэсэг хүмүүс том машинаар олон удаа шороо зөөж асган газрыг нь тэгшилж байгаад хашаа барьж бууцгаасан. Тэдний дунд хорооны хэсгийн ахлагч байсан хүн ч бий. Тэд бүгд зөвшөөрөлгүй гэдгийг тэрбээр онцолж байлаа. Хэсэг бүлэг хүмүүсийн буруу үйлдлээс болж зарим хүмүүс хохирчээ.

Тэдний хэлсэнчлэн газрын зөвшөөрөлтэй хэсэг айлууд хууль бусаар ирж буусан айлуудын буруутай үйл ажиллагаанаас болж ажилдаа ч явж чадахгүй хүрз, хогийн шүүртэй зууралдан байгаа нь энэ аж. Бид ийнхүү ярилцсаны дараа Нийслэлийн онцгой байдлын газрыг зорилоо. Энд бид НОБГ-ын Дэд бүтэц, инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгтэй уулзаж, зарим зүйлд хариулт авсан.

Ц.Эрдэнэчимэг: Зөвхөн машин техникийн шатахуунд 50-60 сая төгрөг зарцуулсан

-Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн X хороонд болсон нөхцөл байдалд НОБГ арга хэмжээ авч ажилласан. Ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

-Бид өвөл булаг оргилж эхлэхэд 98 удаагийн рейсээр 1,150 тонн шороо тээвэрлэж, айлыг тойруулж далан босгосон. Тэр хавийн айлуудыг усанд автахаас хамгаалсан. Мөн цагт 180 м3 ус сорох хүчин чадалтай насосоор 4,500 тонн усыг сорж, суурьшилгүй бүсэд асгасан. Тухайн үед манайхаас 12 алба хаагч 24 цагийн ээлжинд тасралтгүй гарч ажилласан. Энэ мэтчилэн олон ажлыг тухайн үед хийж гүйцэтгэсэн. Нийслэлийн Онцгой комисс хоёр удаа хуралдлаа. Машин техник хэрэгслийн шатахуунд 50-60 сая төгрөг зарцуулсан. Ингэж л иргэдийг авран хамгаалах арга хэмжээг авсан.

-Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан ямар арга хэмжээ авч байна вэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд бүх мэргэжлийн байгууллагуудад албан даалгавар өгсөн. Хаврын дулаарал эхэлж байгаатай холбогдуулан болзошгүй шар усны үерийн аюул болон хур борооны үерийн аюулаас ард иргэдээ хамгаалахын тулд мэргэжлийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулах, эвдэрч гэмтсэн далан сувгийг засч цэвэрлэх зэрэг үүрэгжүүлсэн албан даалгавар гаргасан юм.

Үүний дагуу бүх мэргэжлийн байгууллагууд нь өөр өөрийн чиглэлийн ажлыг хийгээд явж байна. Манай байгууллага гэхэд үерийн аюултай бүсэд суурьшсан 2,500 айлын судалгааг жил бүр шинэчилж гаргадаг. Яагаад гэвэл жилийн хугацаанд айлууд нүүх эсвэл шинээр айл нэмж суурьшсан байх магадлалтай. Тиймээс жил бүр судалгааг гаргадаг. Мөн урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдэгдэл хүргэдэг. Одоогоор бид мэдэгдэл хүргэж байна. 

-Баянзүрх дүүргийн X хорооны булгийн эхэнд байрлаж байгаа айлуудад гурав хоногт нүүх мэдэгдэл хүргүүлсэн гэсэн. Цаашид улам дулаарвал үер болохгүй гэх баталгаа алга. Дахин нүүлгэх мэдэгдэл хүргүүлэх үү?

-Манайх нүүх, суух мэдэгдэл хүргүүлдэг эрх бүхий байгууллага биш. Өөрсдөө бид энд амьдраад үхсэн ч гомдолгүй. Бид нүүхгүй гээд гарынхаа үсгийг зурдаг тохиолдол олон байдаг. Бид аюул тохиолдсон үед мэргэжлийн байгууллагуудыг гаргаж арга хэмжээ авсан. Тэнд асар их шороо асгаж, шороон далан босгосон. Цаашид суурьшлын бүс биш ногоон төгөл болгох чиг баримтлан ажиллаж байгаа юм билээ. Тэгэхээр тэдгээр айлуудад холбогдох газрууд нь арга хэмжээ авах байх. Манайх бол тусалдаг, авардаг, хамгаалдаг байгууллага.

Иргэдийн буруутай үйл ажиллагаа, төрийн буруу шийдвэрээс болж улсын мөнгө салхинд хийсч байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн X хороонд үүссэн нөхцөл байдалд арга хэмжээ авах машин техникийн зөвхөн шатахуунд л гэхэд 50-60 сая төгрөг зарцуулжээ. 60 сая төгрөг гэдэг маш их мөнгө. Энэ мөнгөөр нийгэмд үр ашигтай олон зүйлийг хийж болно. Гэвч газартай л болж байвал хаана ч байсан яах вэ гэх аминчхан үзэлтэй иргэдийн буруутай үйл ажиллагаа, нөгөөтээгүүр өдрөөс өдөрт тэлж буй нийслэл хотынхоо газар зохион байгуулалтыг төлөвлөж, дорвитой шийдвэр гаргаж чадахгүй байгаа төрийн томчуудаас болж улсын мөнгө зүгээр л салхинд хийсч байна гээд хэлчихвэл нэг их хатуудахгүй биз.

Иргэд нь ухамсартай, төр засаг нь зөв бодлоготой байсан бол ийм их хор хохирол учрахгүй байсан биз ээ. Ногоон төгөл байгуулахаар төлөвлөж байсан намаг балчиг ихтэй газарт дур мэдэн зөвшөөрөл олгож, тэнд амиараа дэнчин тавьж буй иргэд ч хүнд байдалд орохгүй байсан нь лавтай. Үнэндээ алга дарам газрын төлөө амиараа дэнчин тавьж буй хүмүүст хандаж хэлэхэд олны хэлж заншсанаар орк зангаа татаж, амин хувиа хичээхээ больж, их хотын соёлд суралцахыг сануулмаар байна. Нэг хүний, хэсэг бүлгийн эрх ашгаар нийтийн эрх ашиг хязгаарлагдах ёс үгүй. 

Зураг