Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбумтан Дэвид Рокфеллер 101 насандаа таалал төгслөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Америкийн капитализмын суурийг тавьсан гэр бүлүүдийн нэг болох Рокфеллерийн удмын гуравдугаар үеийн сүүлчийн төлөөлөл, Чэйз Манхеттэн банкны тэргүүн асан, буяны үйлстэн Дэвид Рокфеллер 101 насандаа таалал төгссөнийг Даваа гарагт зарлажээ.

Амьдралынхаа туршид $2 тэрбумыг буяны үйлсэд зарцуулсан Рокфеллер Нью-Йоркийн Покантико Хиллз дэх гэртээ унтаж байгаад зүрх нь зогссон байна.

Тэрээр Америкийн капитализмын алтан үеийн төлөөлөгч, газрын тосны магнат Жон Рокфеллерийн амьд үлдсэн сүүлчийн ач хүү, Нью-Йоркийн Рокфеллер Төвийг байгуулсан бага Жон Рокфеллерийн бага хүү байсан юм.

1969-1981 онд Чэйз Манхеттэн банкны ерөнхийлөгч байхдаа Дэвид Рокфеллер АНУ-ын улс төр, үндэстэн дамнасан корпорациудад маш их нөлөөтэй нэгэн байсан гэдэг. Тэр ч байтугай түүний банк өөрийн гэсэн гадаад бодлоготой гэдэг байв.

Тэрээр Чилийн дарангуйлагч Аугусто Пиночетээс эхлээд Ираны Шахтай хүртэл харилцдаг, тэдэнд мөнгө зээлдэг байжээ.

Улс хоорондын олон асуудлыг зохицуулахад зуучлах дипломатчийн үүргийг Дэвид бас гүйцэтгэж байсан. Дэвид Рокфеллерийн хөрөнгийг $3.3 тэрбум гэж саяхан Форбс сэтгүүл тооцоолсон байдаг.

Чэйз Манхеттэн банк 1946 онд $4.8 тэрбумын хөрөнгөтэй байсан бол 1981 онд Дэвид Рокфеллерийг ажлаа өгөхөд $76.2 тэрбумд хүрсэн байжээ.

Өнөөдөр энэ банк нь JPMorgan Chase банкны нэг хэсэг болоод байгаа юм.

Рокфеллерийн эхнэр Пэгги 1996 онд нас барсан ба тэд зургаан хүүхэд, 10 ачтай байжээ.

 

Эх сурвалж: Fortune